Энэ онд МУИС-д Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн арга хэмжээг угтан Их дээд сургуулиудын дунд програмчлалын улсын XXVII олимпиадыг 04 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Оолимпиадыг мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон явуулдаг. Энэ жилийн олимпиадад 8 сургуулийн 11 багийн 33 оюутан оролцсоноос МУИС-ийн ХШУИС нэгдүгээр баг 977 оноогоор тэргүүлсэн байна.
Энэхүү олимпиад нь Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг боловсон хүчин бэлтгэх, оюутан залуусыг тэмцээн уралдаанд идэвхтэй оролцуулж, цаашид олон улсын хэмжээнд өөрийн оюун ухаанаа сорих, өөрийгөө нээн таниулах боломжийг давхар олгодгоороо олон талын ач холбогдолтой юм.