МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимээс санаачлан ШУТИС-ийн Ази судлалын тэнхим, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Дорно дахины хэлний тэнхимтэй хамтран зохион байгуулсан Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр МУБИС-д амжилттай болж өндөрлөлөө.
Хурлыг нээж МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Ж.Батбаатар, МУИС-ийн ШУС-ийн дэд захирал П.Дэлгэржаргал, ШУТИС-ийн Гадаад хэлний институтын дэд захирал Ц. Энхбаатар нар тус тус үг хэллээ.
Зүүн Ази болон Ойрхи Дорнод судлалын чиглэлээр судалгаа, сургалт эрхэлж буй дотоод, гадаадын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач, эрдэмтэд харилцан шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээ танилцуулах, санал бодол, шинэ мэдээлэл солилцох, хамтран ажиллах, Ази судлалын өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх зорилготой уламжлалт хурлын гуравдугаар хуралд дотоод, гадаадын 70 гаруй эрдэмтэн, судлаач, багш нар оролцлоо. Тус хуралд БНХАУ, Япон, Солонгос, БНТУ зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлсэн байна.
Азийн олон орны хэл, уран зохиол, түүх, соёл, нийгэм, эдийн засаг, боловсрол судлал болон бүс нутаг судлалын асуудлыг хөндсөн 70 гаруй илтгэлийг 6 салбар хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Хятад судлал “хэл шинжлэл, орчуулга зүй” болон “түүх, соёл” гэсэн хоёр салбар хуралдаанаар хуралдсан нь хятад судлалын салбар эрчимтэй хөгжиж буйг харуулж байна.
Ази судлал олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS) жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай ажээ.