Жилийн бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэдэг уламжлал тогтоод хэдэн жилийн нүүрийг үзжээ. Энэ жил “Үндэсний бичиг үсэг – Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор тэмдэглэж байна.
Үүний гол хэсэг болох Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ыг МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил МУИС-ийн Монгол Судлалын хүрээлэн, мөн тэнхимийн дэргэдэх монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл хамтран:
- их дээд сургуулийн мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнуудын ангилалд 16 дахь жилдээ
- төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдын ангилалд 8 дахь жилдээ
- Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нарын ангилалд 6 дахь жилдээ
- Цахимд монгол бичгээр бичих ангилалд 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд нийт 300 гаруй хүн оролцсоноос МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС, БХИС, Их Засаг Их Сургууль, СЭЗДС, Этүгэн дээд сургууль, Идэр дээд сургууль, Монголын Бурхан Шашны Их Сургууль зэрэг 10 гаруй их, дээд сургуулийн мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн 200 гаруй оюутан, Увс, Хөвсгөл, Завхан, Дорнод, Ховд, Дорноговь, Дундговь, Улаанбаатар хотоос Ерөнхий боловсролын сургуулийн 20-иод багш, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч 20 гаруй хүн оролцов.
Их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд “Хүний мөс” сэдвээр зохион бичлэг бичиж, мэргэжлийн бус ангийн оюутнууд монгол бичгээс кирил бичигт, кирилээс монгол бичигт хөрвүүлэн, багш нар хулсан үзгийн тигээрх түүхэн сурвалжаас уншиж, түүхэн хэлц, үг, бүтээврийн утгыг тайлан мэдлэг ухаанаа сорилоо.
Төрийн болон хувийн хэвшлийн албан хаагч нар “Эх хэл бичгээ төгс эзэмшихийн учир утга” сэдвээр эх зохион бичиж уралдлаа.
Цахимд монгол бичгээр алдаагүй хурдан бичих төрөлд оролцогчдын тоо өсөхийн сацуу мөн мэдлэг чадвар нь дээшилсэн нь маш бахархалтай байлаа.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2017/05/дүн.pdf”]