2017 оны 5-р сарын 3-нд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион “Фидель Кастро ба Куба улсын гадаад бодлого” сэдвээр ОУХНУС-ийн багш, оюутнуудад сонирхолтой лекц уншлаа.
Элчин сайд Раул Делгадо Консепсион “Куба улсын гадаад бодлого нь олон улсын эрх зүйн үндсэн зарчмуудыг баримталдаг бөгөөд олон улс дахь их гүрний дээрэнгүй үзэл, бусад улсын дотоод хэрэгт оролцох, ялгаварлан гадуурхах зэргийг буруутгадаг улс юм. Айлган сүрдүүлэх болон хүч хэрэглэх, нэг талыг барьсан албадлагын арга хэмжээ болон түрэмгийлэл, бүхий л төрлийн терроризмыг эсэргүүцдэг улс юм. Куба улс нь Монгол улсын адилаар бүхий л төрлийн зэвсгийг хорогдуулахыг, зэвсгийг олон улсын хатуу чанга хяналтанд оруулахыг дэмждэг бөгөөд нэн ялангуяа үй олноор хөнөөх зэвсэг болон цөмийн зэвсгийг хорогдуулахыг дэмждэг.” хэмээн өөрийн орны гадаад бодлогын онцлогийн талаар ярив.
Мөн тэрээр Куба улсын эсрэг АНУ-ын тавьсан эдийн засаг, худалдаа, санхүүгийн хоригийн улмаас тус улс өнөөгийн ханшаар 123 тэрбум 873 сая долларын хохирол амссан болохыг дурдаад хэдийгээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2016 оны 3-р сард Кубад хийсэн айлчлалынхаа үеэр энэхүү хориг арга хэмжээний бодлого нь хоцрогдсон, цуцлагдах ёстой зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч “ Кубын ард түмэнд туслахын оронд зөвхөн хор л хүргэж байна. Энэхүү бодлогод төгсгөл тавиулахын төлөө улсынхаа конгресст дахин уриална” гэж амалсан боловч уг хориг хэвээр үргэлжилсээр байгаа талаар дурдав.
Элчин сайд Раул Делгадо Консепсион Куба улс дэлхийн 133 оронд ЭСЯ-тай боловч эдийн засаг, санхүүгийн шалтгаанаар зөвхөн элчин сайд нь гэргийн хамтаар ажилладаг ЭСЯ цөөнгүй байдаг бөгөөд өөрөө ч гэсэн орчуулагчтайгаа хоёулхнаа бүх ажлаа хийдэг талаараа илэн далангүй хуваалцав.
Лекцийн төгсгөлд тэрээр ОУХНУС-ийн багш, оюутнуудыг Куба улсын ЭСЯ-нд зочлон очихыг урилаа.