Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хошин урлагийн жүжигчин Г.Ундармаа 2017 оны 05 сарын 18-ны өдөр “Инээмсэглэл” сэдвээр МУИС-ийн оюутан залуустай ярилцлаа. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин өөрийн гэр бүл, ажил мэргэжил, амьдралд нь тохиолдсон хүнд үеэ хэрхэн давж туулснаа нээлттэй, жишээ татан ярьж, хөгжилдөв.
“Инээмсэглэл” бол хүний амьдралд зөв хандлагыг өгөх хамгийн чухал хүчин зүйл. Авч байгаа хүнээ дүүргэж, өгч байгаа хүнээ хоосруулдаггүй ид шид бол инээмсэглэл. Инээмсэглэл бол аз жаргал бэлэглэгч гэж тэр тодорхойлов.
-ХҮҮХЭД-ГЭР БҮЛ БОЛОН ТАНЫ ТОЛЬ-
Түүний ярьсан зүйлсийг товчлон хүргэе.
“Нэг эмэгтэй маш сайхан ааш зантай залуутай танилцаад, удалгүй гэр бүл болжээ. Гэтэл хадам аав нь архи их уудаг, эхнэрээ хардаж зовоодог хүн байж. Харин хүү нь үргэлж ээжийгээ өрөвдөж, аавыгаа зэмэлдэг байсан аж. Залуугийн эхнэр нь “Миний хань үнэхээр мундаг залуу юм аа” гэж үргэлж боддог байлаа. Хэдэн жилийн дараа аав, ээж нь нас барж, харин хүү нь яг аав шигээ хүн болчихсон байв” Энэ бол бодит жишээ. Тэгэхэээр аав, ээж ямар байна. Хүүхэд яг тийм л болдог. Бид хүүхдээ чи сайн хүн болохын тулд ингэх ёстой, тийм байх ёстой гэдэг. Тэгсэн хэрнээ өөрсдөө хүүхдийнхээ дэргэд үлгэр, дуурайлал болохуйц байдаггүй. Аз жаргалтай байхын тулд хүн мөнгөтэй байх ёстой гэж ойлгодог. Гэтэл гэр бүлдээ, дэргэдээ байгаа аз жаргалаа илж, өнгөлж байхаа анзаардаггүй. Мөнгөний төлөө явсаар эргээд харахад гэр бүлийн харилцаа хүйтэн хөндий, хүүхдүүд нь яг өөр шиг нь гэр бүлийн нандин харилцааг ойлгохгүй хүн болж төлөвшдөг. Тиймээс хүн аз жаргалтай байхын тулд эелдэг, тэвчээртэй, хүүхдэдээ үлгэр жишээ байх нь чухал. Аав, ээж ямар байна хүүхэд яг л тийм байдаг. Хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсч байгаа л бол та анхнаасаа зөв хүн бай. Нэг л амьдрах амьдралынхаа цөөхөн он жилүүдийг хүн хайрлаж, хайрыг түгээж, зөв хандлагатай байх хэрэгтэй.
-ИНЭЭМСЭГЛЭЖ БАЙГАА ХҮН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДАГ- Тэгэхээр шинэ өглөө эхлэхэд л эрт босвол яарч бухимдах шаардлага гарахгүй. Ингээд өглөөг сэтгэл санаа нь тайван эхлүүлсэн хүн бүх юманд эерэг хандлагаар хандана. Ажлаа эрч хүчтэй эхлүүлж, төлөвлөсөн зүйлээ амжуулж, хамт олонтойгоо эелдэг найрсаг харилцаж, инээмсэглэл бэлэглэж, эерэг энергийг түгээнэ. Тэгэхээр чи тэгсэнгүй, би ингэчихлээ гэдэг зүйлийг маш бага хэлэх хэрэгтэй. Инээмсэглэж яваа хүний ажил дандаа бүтдэг. Инээмсэглэж байгаа хүн аз жаргалтай байдаг. Эерэг хандлага маш хурдан тархдаг. Харин сөрөг энерги хүнд хэд дахин илүү халдварладаг. Үүнээс үүдэлтэйгээр сэтгэл нь тавгүйрхэж, ажилдаа ирэх дургүй, гэртээ харих хүсэлгүй, хүн бүрт өөрийнхөө бурууг дохож, бусдаас зөвхөн авах л ёстой юм шиг хандаж эхэлдэг. Үүнийгээ мөн эргэн тойрны хүмүүстээ халдварлуулсаар байдаг. Тиймээс та ажлын байран дээрээ, гэртээ, ер нь аль ч үед тайван, тэвчээртэй, аливаа зүйлийг сайн сайхнаар төсөөлөн бодож, бусадтай найрсаг харилцаж, хүнийг ойлгож, хүндэлснээр эргээд танд ч аз жаргалыг мэдрүүлэх болно гэдгийг хэлж байлаа.