Манай сургуулийн эртний түншийн нэг болох ХБНГУ-ын Халле-Виттенбергийн Мартин-Лютерийн их сургууль дээр хоёр сургууль нэгдэн нийлсний 200 жилийн ойг 2017 оны 6-р сарын 21-24-ний өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэв. МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар, Биологийн тэнхимийн зөвлөх профессор Р.Самъяа нар уг арга хэмжээнд оролцоод ирлээ. Ойн арга хэмжээнд 16 орны 30-аад их сургуулийн төлөөлөгчид оролцов. Ойн арга хэмжээний үеэр баярын болон эрдэм шинжилгээний хурал болж их сургуулийн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн парк, шинэ кампус, судалгааны топ төвүүд, Леопольдиний академи зэрэг байгууллагатай танилцах аялал зохион байгуулав.
Мартин-Лютерийн их сургуулийг Халле-Виттенбергийн хэмээн тодотгодгийн учир бол 1502 онд Виттенберг, 1694 онд Халле хотод байгуулагдсан хоёр их сургууль 1817 онд нэгдэн нийлж нэг их сургууль болсон учир хоёр хотын нэрийг их сургуулийн нэрийн өмнө хамтад нь авч явдаг түүхэн уламжлалтай холбоотой ажээ. Өнөөгийн Халле-Виттенбергийн Матрин-Лютерийн их сургууль 2002 онд үүсэн байгуулагдсаныхаа 500 жилийн ойг тэмдэглэсэн нь хожим нийлсэн хоёр их сургуулийн анхных нь үүсэн байгуулагдсан оноор их сургуулийн түүхийн он дарааллаа тооцсон хэрэг. Хэдийгээр 19-р зууны эхэнд Халле нь Прусс, Виттенберг нь Саксоны хант улсад хамаарагдаж байсан бөгөөд аль аль нь бүс нутгийн дээд боловсролын гол байгууллага байсан учир нэгдэх нь санаанд оромгүй үйл явдал байв. Наполеоны аян дайны үед Виттенбергийн их сургуулийг дайны түшиц цайз болгосон, 1915 оны Венийн Конгресс Виттенберг хотыг Пруссын хант улсад хамааруулах болсноор хоёр их сургууль нэгдэх нөхцөл бүрджээ.
Манай хоёр их сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ 1967 онд байгуулагдсан юм. Ингэснээр манай их сургуулийн хувьд зүүн Европын орны их сургуулиудаас хамгийн анхны бөгөөд урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж ирсэн их сургууль бол Мартин-Лютерийн их сургууль юм. Мартин-Лютерийн их сургуулийн хувьд гадаад хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хоёрдогч их сургууль нь манай сургууль юм. Энэ онд хоёр их сургуулийн хамтын ажиллагааны 50 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны 50 жил, МУИС-ийн 75 жилийн ойд зориулж 2017 оны 9-р сарын 21-24-нд МУИС дээр олон улсын эрдэм шинжилгээний их хурал зохион байгуулахаар хоёр тал бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.