ТАЙЛБАР
МУИС-ийн багш нарын төлөөллөөс МУИС-ийн 72 дах удаагийн төгсөлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээн дээр Оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байсан Б.Хосбаатар үг хэлсэн байдалд шүүмжлэлтэй хандсан байна. Б.Хосбаатар нь Оюутны байгууллагын хүсэлтээр МУИС-ийн захиргаанаас зөвшөөрсний дагуу төгсөлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оюутны холбоог төлөөлж үг хэлсэн болно.
Учир нь Японы Кюүшүгийн технологийн институтийн судалгааны багтай МУИС-ийн эрдэмтэн багш нарын оролцоотойгоор Монголын анхын хиймэл дагуул “Мазаалай”-г хөөргөхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив өргөх үйл ажиллагааг Б.Хосбаатар тэргүүнтэй МУИС-ийн Оюутны холбоо идэвхтэй зохион байгуулсан. Энэ нь МУИС-ийн оюутан залуусын бүтээх, шинжлэх ухаан технологийн ололтыг хэрэглээнд оруулах идэвхтэй үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн мөнгөөр хэмжих аргагүй нэн ач холбогдолтой арга хэмжээ юм. МУИС нь цаашид өндөр технологи бүтээх, хиймэл дагуул хөөргөх олон улсын үйл ажиллагаанд оролцох бөгөөд энэ хэрэгт манай эрдэмтэн багш нар, оюутны оролцоо чухал байх болно.
Түүнчлэн Б.Хосбаатарын тэргүүлж байсан Оюутны холбоо нь Оюутны Конгрессийн Анхдугаар Хуралдаанаар Дээд боловсролын хууль, МУИС-ийн дүрэмд нийцүүлэн Оюутны байгууллагийн журмаа шинэчлэн баталсан. Мөн МУИС-ийн стратеги бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаанд оюутны манлайллыг дээшлүүлэх, оюутны хөгжлийг дэмжих, нийгэмд хандсан идэвхтэй үйл ажиллагаа явуулах талаар хэрэгжүүлж байгаа ажлыг нь үнэлж Оюутны холбооны шинээр сонгогдсон удирдлагуудын гаргасан Б.Хосбаатарыг МУИС-ийн хүндэт жуухаар шагнуулах саналыг МУИС-ийн захиргаа дэмжиж МУИС-ийн хүндэт жуухаар шагнасан болно.
МУИС нь оюутан төвтэй сургалтын бодлого хэрэгжүүлж, оюутны төлбөрөөр санхүүжигддэг бөгөөд оюутны өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, их сургуулийн үйл ажиллагаанд оюутны идэвхтэй оролцоог хангах нь нэн чухал юм. МУИС-ийн энэ стратеги бодлогын хүрээнд манай эрдэмтэн багш нар оюутан залууст зөвлөн тусалж, алдаа дутагдлыг багшийн ёсоор хэлж эвсэг бүтээлч уур амьсгалыг бүрдүүлэн ажиллах нь зүйтэй байна.
Багш нарын төлөөллийн байр суурь, саналыг цаашид хүндэтгэн үзэж хамтран ажиллах болно.
МУИС-ийн захиргаа