2017 оны 07 дугаар сарын 28-ний өдөр 16:00 цагт МУИС болон Япон улсын Чиба Технологийн Их Сургуулийн хооронд уулзалт болж Хамтын ажиллагаа, Оюутан солилцооны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг уулзалтанд МУИС-иас Захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, дэд захирал Б.Очирхуяг, ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, ШУС-ийн БУС-ын Проф. Д.Улам-Оргих, ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр, ГХХ-ийн мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ, Чиба Технологийн Их Сургуулиас тус сургуулийн Захирлуудын зөвлөлийн дарга Сэтокума Осаму, Захирал Комияа Казухито, Япон улсаас Монгол улсад суух Элчин Сайд асан, тус сургуулийн хүндэт зөвлөх Шимизү Такенори нар байлцав.
Санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллах юм. Үүнд:
- Оюутан солилцоо
- Багш, Багш, эрдэм шинжилгээний ажилтан солилцоо
- Хамтарсан судалгаа
- Хамтарсан лекц семинар зохион байгуулах
- Эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл солилцох
- Хоёр талын сонирхсон бусад салбар, чиглэл
Мөн МУИС-ийн хоёр дахь хиймэл дагуулыг бэлтгэх, инженерчлэл, компютерийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, төслийн удирдлага, санхүү менежментийн эрсдлийн шинжлэх ухаан, сансар судлал, стратосфер, агаар мандлын судалгаа, амьд организмын гени судалгааны чиглэлээр тэнхим, профессорууд хооронд хамтран ажиллах, туршлага судлах, багш, оюутан дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна. Түүнчлэн усны микробиологийн судалгаа: пигмент ялгаруулдаг усны бактери, цианобактери болон доод замгийн байгал дахь тархалт ба олон янз байдал, физиологи болон биохимийн идэвхийн судалгаа, халуун болон хүйтэн рашаан, давстай нуурын экстремофиль бактерийн судалгаа зэрэг нарийвчилсан чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцлоо.