Япон улсын Шоовагийн Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Олон улсын соёл судлалын хүрээлэн болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхим хамтран Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг угтаж 10 дахь удаагийн Улаанбаатарын Олон Улсын Симпозиумийг “Евро-Ази дахь Монгол ба Япон” сэдвийн дор 2017 оны 8-р сарын 26-27-ны өдрүүдэд МУИС дээр зохион байгуулж байна.
МУИС болон Шоовагийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль нь Улаанбаатарын Олон Улсын Симпозиумыг анх 2008 оноос хамтран зохион байгуулжээ. Энэ хугацаанд зохион байгуулсан хурлууд агуулгын хувьд өргөн хүрээг хамарсан, цаг үеийн онцлог сэдвийг хөндөж хэлэлцэж ирсэн бөгөөд ялангуяа Евро-Азийн бүс нутгийн хөгжлийн чиг хандлага, улс орнуудын онцлог болон нөлөөлөх хүчин зүйлс зэрэг хүрээг хамрахаас гадна Монгол ба Японы түүх, улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагаатай холбогдолтой сэдвийг түлхүү хэлэлцэж ирсэн билээ.
10 дахь удаагийн Улаанбаатарын Олон Улсын Симпозиум нь 20 зуунаас хойш огцом өөрчлөгдөж буй Евро-Азийн нийгэм дэх ээдрээтэй нөхцөл байдлыг хараандаа оруулж, түүх, улс төр, эдийн засаг, соёл, олон улсын болон хоёр орны харилцаа гэсэн өнцөгөөс бүс нутгийн хөгжил, улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа, түүхэн шинжтэй үйл явдлуудыг задлан шинжилж, бодит дүгнэлт өгөх, Монгол, Япон хоёр орны харилцааны асуудал болон Евро-Азийн бүс нутгийн харилцааг зөв гольдролоор цаашид хэрхэн хөгжүүлэх зэрэг олон асуудлыг судлаач, эрдэмтэд тал талаас нь хөндөн хэлэлцэх мэтгэлцээний нэгэн талбар болгохыг зорьж байна.