Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус сургууль нь нийт 1500 гаруй ажилтан, албан хаагчтай. Үүний 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшний хувьд хангалттай бус аж. Иймээс ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, “Сод Монгол групп”-ээс тус сургуулийн 10 ажилчинд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэв.
Тус сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар, “МУИС-ийн 75 жилийн ой өргөн дэлгэр болж байна. Энэ хугацаанд 100 мянга гаруй дээд боловсролтой боловсон хүчнийг улс орондоо бэлтгэж өгчээ. Манай сургуулийг төгсөгчид, үндэсний компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагааг дэмжиж байгаад талархаж байна. Цаашид бид багш, ажилтнуудынхаа ниймийн асуудалд түлхүү анхаарч ажиллана. Тухайлбал, багш, оюутнуудын орон сууц, тэдний хүүхдэд зориулсан цэцэрлэг барихад анхаарна. Дэлхийн шилдэг их сургууль болох зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хичээлийн анги танхим, оюутнуудын дотуур байраас эхлээд хоолны газрыг тусад нь барьж байгуулах, спортын томоохон цогцолбор барих зэрэг олон ажил төлөвлөөд байна” гэв.
“Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Г.Адьшаа хэлэхдээ, “Би МУИС-ийн 1987 оны төгсөгч. МУИС бол эх орны хөгжил дэвшлийн төлөө түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ сургуулийг төгссөнөөрөө төгсөгчид бид бахархаж явдаг. “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан” нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Сургуулийнхаа 75 жилийн ойг тохиолдуулан амьдралын бололцоо тааруу, дэмжих шаардлагатай 10 ажилтанд 10 гэр бэлэглэж амьдралд ахуйд нь нэмэр болж байгаадаа баяртай байна” гэв.
Энэ үеэр эдгээр ажилчин, албан хаагчид тус бүр нь 2.5 сая нийт 25 сая төгрөгийн өртөгтэй шинэ гэртэй болж амьдрах ая тухтай орчин бүрдүүлж өгсөнд талархаж буйгаа хэлж байлаа.