МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулсан шинэ багш нарт зориулсан “Чиглүүлэх сургалт-өдөрлөг” 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Сургалт- өдөрлөгт бүрэлдэхүүн сургуулийн 20 гаруй багш хамрагдав. Тус үйл ажиллагааг нээж МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, Др. Б.Очирхуяг үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ 21-р зуун буюу аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгалын эрин үеийн их дээд сургуулийн багш нарын мэдлэг, ур чадвар хандлагад тавигдаж буй шаардлага хийгээд суралцагсдын хүлээлт, хэрэгцээг онцолсны дээр багшлахуй, суралцахуйн үйл ажиллагааг шинжлэх ухаан хоорондын харилцан шүтэлцээн дээр явуулахад багш хүн өргөн бөгөөд гүнзгий мэдлэг, өндөр ёс зүйтэй манлайлагч байхыг багш нарт зөвлөв.
Уг үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Сургалтын нэгдсэн газрын дарга, Др. Л.Одонтуяа, Оюутны хөгжил үйлчилгээний газрын дарга, Др. Б.Алтангэрэл, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга, Др. А.Сайнбаяр, Гадаад харилцаа, хамтын ажилгааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Мэдээллийн технологийн газрын Мэдээллийн системийн хэрэглэгчдэд туслах мэргэжилтэн Б.Уянга, Номын сангын үйлчилгээ хариуцсан арга зүйч О. Нарантуяа нар хүрэлцэн ирж багш нарт өөрсдийн алба хэлтсийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл хийсэн нь багш нарын талархлыг хүлээв.
Уулзалт-өдөрлөгийн зочин лектороор ШУС-ийн НУС-ын Боловсрол, сэтгэл судлалын тэнхмийн профессор Др. Ш.Эрдэнэчимэг хүрэлцэн ирж “ Багш, суралцагчдын харилцаа” сэдвийн хүрээнд өөрийн туршлага-судалгаанд үндэслэсэн сонирхолтой, сургамжтай лекц уншив. Түүнчлэн багшлахуй, суралцахуйн талаарх МУИС-ийн оюутны хүлээлт, сэтгэгдлийг багш нарт хүргэх зорилгоор ОУХНУС, ШУС-ийн БУС-ын оюутны төлөөлөл ирж “Бидний хүсдэг багш” агуулгын хүрээнд өөрсдийн санал бодлоо хуваалцав.
Мөн МУИС-ийн болон Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн танилцуулгыг тус төвийн эрхлэгч Др. С.Батцэцэг танилцуулж, танилцуулах сургалтыг төвийн зөвлөх Г.Орхон явуулав.