МУИС-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН форумаар “МУИС КАМПУС” төслийг танилцууллаа

Share Button
  • Монголын ууган их сургууль МУИС  байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.  Түүхт 75 жилийн ой бол  Монгол Улсад дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ой, манай оронд дээд боловсролын  тогтолцоо үүсэн буй болсны түүхэн ой юм. Ойн хүрээнд МУИС-Хөрөнгө оруулалтын форумыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

    МУИС нь 2016-2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөндөө Судалгааны их сургууль, Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд орох зорилтыг дэвшүүлжээ. Ингэхийн тулд оюутан, багш, судлаачид, ажилтнуудын сурч боловсрох, хөгжих, ажиллах амьдрах тав тухтай орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор МУИС Кампус төслийг хэрэгжүүлж буйгаа танилцуулж МУИС-Хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулав. Мөн Судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд МУИС-Судалгааны нээлттэй лаборатори, МУИС- Цахим сургалт, МУИС-Хэвлэл мэдээллийн төв төслүүдээ 160 гаруй хөрөнгө оруулагчдад  танилцуулсан юм.

МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар“МУИС-Хөрөнгө оруулалтын форумыг нээж хэлсэн үгэндээ  “МУИС-ийн 75 жил бол Монгол Улсад дээд боловсролын үндэс суурийг тавьж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний, Монгол улсын дээд боловсролын тогтолцоо үүсэн бий болсны 75 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ 75 жилийн хугацаанд МУИС-ийг нийтдээ 100 мянга орчим суралцагч төгссөн байна.  Бид ойн хүрээнд хэд хэдэн томоохон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Мөн ойг угтаж  томоохон бүтээн байгуулалт, эрдэм шинжилгээний ажлууд хийгдсэн. Тухайлбал, 75 жилийн ойн босгон дээрээ дэлхийн жишигт нийцсэн номын сан ашиглалтад оруулж, МУ-ын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөж томоохон амжилтаар өмнөх ололтуудаа бататган угтаж байна. Бид 2024 он гэхэд Азийн тэргүүлэх 100 их сургуулийн нэг болгох зорилт тавин ажиллаж байна.  Үүнийг хэрэгжүүлэхэд чадварлаг багш нар, бүтээлч оюутнууд, шилдэг, эрдэм шинжилгээ судалгаа, шилдэг сургалт судалгааг нэвтрүүлсэн байх гэдэг зорилтын хүрээнд энэхүү  МУИС-Хөрөнгө оруулалтын  форумыг зохион байгуулж байна” гэлээ.


Үүний дараа тус форумын ерөнхий ивээн тэтгэгч Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд хэлэхдээ МУИС-ийн Азийн шилдэг 100 их сургуулийн түвшинд очиход тухайн сургууль төдийгүй бизнесийн байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Голомт банкны хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн боловсролыг дэмжиж ирсэн. Оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, Шилдэг 100 оюутанг шалгаруулж өнөөдөр 1300 оюутан манай тэтгэлэгт хамрагдсан байна. Мөн багш нарын судалгааны ажлыг дэмжиж багш, ажилчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллаж ирсэн. МУИС-ийн 75 жилийн ойн хүрээнд байгуулагдсан номын санд бид 300 гаруй оюутны сурч хичээллэх боломжтой иж бүрэн лекцийн  танхимыг  тохижуулж ойн бэлэг барилаа. Энэхүү лекцийн танхимаас шилдэг боловсон хүчин төрж гарна гэдэгт итгэлтэй байна. МУИС-ийн танилцуулж буй дээрх дөрвөн төсөлд бид өөрсдөө оролцоод зогсохгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад мэргэжлийн байгууллагын хувьд хамтарч ажиллана. Бид цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж ажиллана” гэв.

“МУИС-Кампус” төслийг МУИС-ийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал, доктор Ц.Болормаа танилцууллаа.

 Манай сургуулийн алсын хараа бол “Дэлхийн түвшний их сургууль” болох юм. Үүний тулд 2024 он гэхэд судалгааны их сургууль болж, Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд орно гэсэн томоохон зорилтыг тавин ажиллаж байна.  Бүсийнхээ шилдэг их сургуулийн тоонд орохын тулд тодорхой шаардлага, шалгуурыг хангасан байх ёстой. 2016-2024 онуудад МУИС хичээлийн зургаан байр, оюутны таван байрны барилгын ажил төлөвлөж,  багш, оюутны эрэлт хэрэгцээг хангасан, нийгмийн асуудлыг шийдсэн иж бүрэн МУИС кампус  төслийг боловсруулж байна.

Одоогийн байгаа байршил өөрчлөгдөхгүй, хуучин барилга байгууламжийг сэргээн засварлах,  хуучин барилыг нурааж шинээр барих бүтээн байгуулалт хийгдэнэ.  Хичээлийн анги танхимын зориулалт өргөжиж, мөн  хүчин чадал, багтаамжийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр тусгагдсан.  Давхрын хувьд  дунджаар 9 -12 давхар байна.  Өнөөгийн МУИС-ийн  ерөнхий өнгө төрхийг хадгалсан интьерер загвартай. Хичээлийн нэгдүгээр байр соёлыг дурсгалт өвийг хадгалсан тул уламжлалт байдлыг хадгалж,  нураахгүйгээр сэргээн засварлана. Харин ар талд нь 25 давхар өргөтгөл хичээлийн байр барина. Барилгын хэв маяг нь хичээлийн нэгдүгээр байрны өнгө төрхтэй нийцтэй байлгахыг зорьж байгаа. Мөн арын талбай хэсгийн ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэхгүйгээр улам сайжруулж, тохижуулна. Зориулалтын хувьд сургуулийн захиргаа, хичээлийн анги танхим, хурлын болон лекцийн танхим, урлагийн заал байна. Одоогийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Харин хичээлийн хоёрдугаар байрны суурин дээр 18 давхар шинээр барилга барина.  Хичээлийн анги танхимаас гадна сургалт, судалгааны зориулалт бүхий лабораториуд байна.

Хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ.Түүнчлэн нэг, хоёр давхарт автомашины зогсоол, 3-4 давхарт фитнесс, алжаал тайлах төв, 5-6 давхарт оюутан, багш нарын  хоолны газар буюу “Food court” ажиллуулна.

Мөн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль болон Хуульзүйн сургуулийн барилгын суурин дээр 12-18 давхар тусдаа барилга барина.

Хичээлийн дөрөвдүгээр байрны үндсэн барилгыг мөн 12 давхар болгоно. Хичээлийн анги танхим, лекцийн заалнаас гадна Бизнес консалтинг төв болон Судалгааны төв нээгдэнэ. Зүүн талын задгай талбайд Спорт цогцолбор барихаар төлөвлөгдсөн.

Зураг дээрх хичээлийн 4-р байр урд талаасаа

 Мөн “Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн барилгыг нурааж шинээр 12 давхар барилга барина.  Хичээлийн анги танхим, лекцийн заал, сургалтын лаборатори, спорт заал гээд одоогийн хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Хажууд нь МУИС-ийн багш, ажилчдын байр,  багш, оюутны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийг хамт барихаар төлөвлөсөн. Түүнчлэн сурагчдын дотуур байр барина.

Оюутны таван байрыг 12-15 давхар барилга болгоно. Оюутны дөрөвдүгээр байр буюу гадаад оюутны байрыг шинэчилж 15 давхар барилга барина. Спортын задгай талбай, ногоон байгууламжийг шийдвэрлэнэ. Мөн гэр бүлийн, зочин судлаачдын гэсэн хэлбэрээр оюутны байрыг төрөлжүүлнэ.

“МУИС-Цахим сургалт” төслийг МУИС-ийн сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор  Б.Очирхуяг танилцууллаа.

Энэхүү төслийн гол зорилго нь цахим сургалтыг явуулах програм болон техник хангамжийг бэлдэж, технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын нээлттэй болон онлайн эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар бүх шатны, бүх насны иргэдэд зориулсан иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх,  тасралтгүй боловсрол олгох зорилготой  аж. Энэхүү төслийг үр дүнд МУИС нь улс, бүс нутагт жишиг болохуйц цахим сургалтын дэд бүтэцтэй болох, гадаад элсэгчдийн тоо нэмэгдэн МУИС-ийн нэр хүнд, чансаа нэмэгдэнэ. Мөн Хилийн чанад дахь чадварлаг, мэргэжилтнүүдээр хичээл заалгаж, холимог сургалт явуулах боломж бүрдүүлснээр сургалтын чанарыг нэмэгдүүлнэ. Мөн цахим хичээлээр МУИС-ийн орон нутаг дахь салбар сургуулиудыг хангахаас гадна Монгол Улсад анх удаа нийтэд нээлттэй онлайн хичээлүүдийг бий болгож чадна гэдгийг МУИС-ийн сургалт, оюутан хариуцсан дэд захирал  Б.Очирхуяг  илтгэлдээ дурдлаа. Түүнчлэн цахим сургалтыг нэвтрүүлэхэд оюутнууд бэлэн үү гэдэг судалгаа явуулахад, оюутнуудын 77 хувь нь цахим сургалтад бэлэн. Мөн ЕБС-ийн сурагчид, бусад их, дээд сургуулиудын оюутнуудын 73,2-78,8 хувь нь нийтэд нээлттэй онлайн хичээлийг үзэх нь үр дүнтэй гэж хариулсан байна.  Мөн 2014-2015 онд бакалаврын  түвшний 7 хичээлийг edX платформ хэрэглэн холимог сургалтын шинэ хэлбэр болох тонгоруу сургалтын аргаар явуулахад  амжилтын хувь нь уламжлалт сургалтаас 11 хувиар илүү байсан аж. Иймээс тус төслийг 2017-2019 онуудад хэрэгжүүлэхээр зорьжээ.

 

Үүний дараа “МУИС-Судалгааны нээлттэй лаборатори” төслийг  МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг танилцуулав.

Энэхүү төслийн гол зорилго нь Монгол Улсын судалгааны лабораториудын сүлжээний төв байх, улмаар судалгааны лабораториудыг төвлөрүүлж шинжлэх ухааны интеграцжуулалтын хурдасгуур төв болох, жижиг дунд үйлдвэрийн гарааны компанийн цөм асуудлыг шийдвэрлэхийг зорьжээ. 15 давхар бүхий барилга барихад нийт зардал  нь 26,4 тэрбум төгрөг зарцуулагдах аж.

МУИС 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөний хүрээнд орчин үеийн телевиз,  радио студи, хэвлэх үйлдвэр бүхий  мэдээллийн төвийн сургалт, судалгаа, олон нийтийн хэрэглээний зориулалтаар МУИС-ийн Мэдээллийн төв байгуулах төсөл хэрэгжүүлэх болсноо энэ хөрөнгө оруулалт форумын үеэр танилцууллаа. МУИС-ийн мэдээллийн төвийг байгуулснаар “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаас  олон нийтийн байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хүрээнд соён гэгээрүүлэх, нийгэм эдийн засгийн асуудалд дүн шинжилгээ хийж улмаар судалгаанд суурилсан мэдээ мэдээллийг шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, хүргэх байдлаар ялгарна” хэмээн үзэж буйгаа МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор Ч.Ундрам илтгэлдээ онцоллоо.

Өдгөө 75 жилийн өмнө Монгол Улсад анх удаа дээд боловсролын үрийг тарьж боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн  хэрэгжүүлэхээр зорьж буй дээрх дөрвөн  төслийг  дэмжиж ажиллахыг хувь хүн, албан байгууллага, бизнесийн түнш байгууллагууддаа уриалж байна.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар