2017 оны 09-р сарын 28-ны өдөр МУИС, ШУС-ийн Биологийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Байгалийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” уралдаан 6 дахь жилдээ “Монгол орны бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ?” нэртэйгээр амжилттай болж өнгөрлөө.
Уралдаанд МУИС, ХААИС, МУБИС, АШУҮИС, Монос- ЭЗШУИСургуулиас бүрдсэн 10 багийн 50 гаруй оюутнууд оролцлоо.
МУИС – Биологийн тэнхим, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, ХААИС, Монголын Ботаникийн нийгэмлэг, хамтран зохион байгууллаа.
Уг уралдаан нь Ургамал судлалын хөтөлбөрт багтдаг “Ургамлын биологи”, “Ургамлын ангилал зүй”, “Монгол орны ургамлын аймаг” хичээлийн практик, дадлага болдог бөгөөд их дээд сургуулиудын багш, оюутнууд нэг өдрийг хамтдаа өнгөрүүлснээрээ өөрсдийн мэдлэг, мэдээлэл солилцох, орчин үеийн ургамлын судалгааны талаар ярилцах, туршлага судлах, харилцан холбоо тогтоох зэрэг ач холбогдолтой байдаг.
“Монгол орны бэлчээрийн ургамлыг хэн сайн мэдэх вэ? уралдааныг МУИС, Биологийн тэнхмийн багш, доктор Б.Оюунцэцэг, багш Ч.Оюундарь, туслах ажилтан Г.Тунгалаг, ХААИС-ийн багш доктор П.Ариунсүрэн, ШУА-ийн Ерөнхий болон сорилын Биологийн Хүрээлэнгийн ургамалжлын экологи , ургамлын нөөцийн лабораторын эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Мөнхзул Хустайн байгалийн цогцолборт газар ургамал судлаач Ц.Цэрэндулам нар зохион байгууллаа.
Энэ жилийн тэмцээний онцлог нь Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар “Ред Рок цогцолборт” Монгол орны бэлчээрийн үндэсний форумын өдөрлөгтэй хамтран зохион байгуулагдаж оюутан залуус Монгол орны “21-р зууны малчин”, “Хадлан, тэжээл үйлдвэрлэлийг дээшлүүлэх”, “Бэлчээрийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах хэрэгцээ, шаардлага” зэрэг илтгэл хэлэлцүүлэгт оролцож мөн Монгол орны үндэстэн ястнуудын хувцасны загварын үзүүлбэр үзэж сонирхсон явдал байлаа.
Шилдэг баг:
- 1-р байр. МУИС-ийн Биологийн 4-р анги “ЦЭГРЭМТЭН” багийн ахлагч Х.Халиунаа
- 2-р байр: АШУҮИС-ийн эмзүйн анги “ИХ ШҮҮДЭРГЭНЭ” багийн ахлагч Ч.Батзул
- 3-р байр: ХААИС –ийн экосистем судалгааны төв “БЭЛЧЭЭР” багийн ахлагч Х.Лхагвадолгор