МУИС-ийн 75 жилийн ойн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд Хууль Зүйн Сургуулийн Хувийн Эрх Зүйн тэнхим болон Олон улсын эрх зүйн хөтөлбөрт хамрагддаг оюутнуудын English Speaking Club хамтран “Олон улсын эрх зүйчдийн нийгэмд эзлэх байр суурь” нэртэй Өдөрлөгийг 2017 оны 10-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийг Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч док. Б.Амарсанаа нээж тэнхим үүссэн түүхээс товч танилцуулсан бөгөөд Олон улсын эрх зүйн тэнхимийн анхны багш нар болон 1999 оноос хойш олон улсын эрх зүйн ангид суралцсан төгсөгчдийн төлөөлөл, Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 3,4,5 дугаар ангийн оюутнууд оролцсон. Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу багш нар “Олон улсын эрх зүйчдийн нийгэмд эзлэх байр суурь” сэдвээр лекц уншиж, төгсөгчид сэтгэгдэлээ хуваалцаж олон сонирхолтой дурсамжийг өгүүлсэн. Өдөрлөгийн явцад багш, оюутан болон төгсөгчид тухайн сэдвийн хүрээний тулгамдсан асуудлуудын талаар асуулт асууж арга хэмжээ өрнөлттэй явагдаж байснаас гадна Монгол Улсын нийгмийн хөгжилд нэмэр болох өөрчлөлтийг хийхэд олон улсын эрх зүйчид том үүрэг гүйцэтгэж ирсэн гэдгийг илтгэгчид санал нэгтэй тэмдэглэж байсан.
Өдөрлөгт оролцож байсан оюутнууд МУИС-ийн Урлагийн зааланд үргэлжлүүлэн оюун ухааны сорилт тэмцээн явуулж, олон үндэстнүүдийн цайны ёслол, соёлыг сурталчлах ажил зохиож англи дууны тоглолт хийсэн. Энэхүү үйл ажиллагааг ХЗС-ийн English Speaking Club-ын оюутнууд англи хэлээр явуулсан нь онц сонирхолтой болсон. Тус арга хэмжээний үр дүнд МУИС-ийн ХЗС болон нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах санаа зорилго бүхий Олон улсын эрх зүйч мэргэшилтэй төгсөгчдийн Холбоо Алюмни байгуулах санал гаргасныг бүгд дэмжиж нэгдэхээр болов.
Нээлтийн үг, лекц. Док.Б.Амарсанаа, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч
Багш Х.Оюунцэцэгийн /Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо/ лекц
Док. Д.Гангабаатарын лекц
Өдөрлөгийн оролцогчид
Олон улсын эрх зүйн ангийн /1999 он/ төгсөгчид
English Speaking Club-ын Урлагийн зааланд зохиосон арга хэмжээний оролцогчид