“Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ой, МУИС ба ХБНГУ-ын Халле-Виттенбергийн Мартин-Лютерийн нэрэмжит их сургуулийн хамтын ажиллагааны 50 жилийн ойд зориулсан “ Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа: үр дүн, шаардлага, цаашдын хандлага“ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 9 дүгээр сарын 20-24 –ний өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлаар хоёр сургуулийн 50 жилийн тогтвортой хамтын ажиллагаа нь монгол орны биологийн олон янз байдлыг судлах төдийгүй Монголын биологич мэргэжилтэн бэлтгэхэд оруулсан томоохон хувь нэмэр, Монгол орны бэлчээрийн экологийн тулгамдаж буй асуудал, дэлхийн дулаарлаас үүдэн экосистемд үүсэх сөрөг дагавар, амьтан ба ургамлын олон янз байдал, экосистемийн мониторинг, бичил уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө  зэрэг Монгол орны байгаль орчин ба биологийн олон янз байдалд тулгамдаж буй асуудлаар нийтдээ 116 илтгэлийг нэгдсэн хуралдаан, амьтан судлал ба ургамал судлалын салбар хуралдаан болон ханын илтгэлээр хэлэлцүүллээ.

Энэхүү олон улсын хуралд ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, БНЭУ, БНЧех улс болон Монголоос БОАЖЯ, МУИС, МУБИС, ШУА-ын хэд хэдэн хүрээлэн, ХААИС, Монголын хөхтөн судлалын нийгэмлэг, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллгааны нийгэмлэгийн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”  төсөл, Ирвэс хамгаалах сан, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), Хустай БЦГ, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв (WSCC) зэрэг байгууллагын төлөөлөл болох 150 гаруй судлаачид оролцлоо.

Хурлыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн захиргаа, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ),  Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хустайн байгалийн цогцолборт газар, Монголын шувуу судлалын нийгэмлэг зэрэг байгууллагад гүн талархал илэрхийлье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар