Монгол Улсын Их сургуулийн мэргэжил нэгт нөхөд, хамтран зүтгэгчид нийт эрдэмтэн багш нар, эрхэм оюутнууд, ажилтан ажиллагсад та бүхэнд их сургууль байгуулагдсаны 75жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Их сургууль монголчуудын амьдралд үнэлж баршгүй асар их үүрэг гүйцэтгэсэн билээ. Дайны хүнд хэцүү цаг үе 1942 онд үүд хаалгаа нээсэн МУИС-ийг Москвагийн Их сургууль анх байгуулагдах цагаас нь дэмжиж ирсэн. Хичээл сургууль явуулахад шаардлагатай ном сурах бичгээр хангахаас эхлээд сургалтын арга зүйг боловсруулахад туслах, өөрийн мэргэжилтэн багш нараа илгээж ажиллуулах зэргээр бодитой туслалцааг үзүүлж, сургуулийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагаа жилээс жилд бэхжиж буй юм. Бид энэ хугацаанд боловсролын түвшинд ихээхэн анхаарал хандуулж эрдэмтэн багш нараа харилцан солилцох зэргээр өөрсдийн хуримтлуулсан шилдэг, дэвшилтэт бүхнээсээ хуваалцан та бүхэнтэй хамтдаа явж ирлээ.
1992 онд надад МУИС-ийн “Хүндэт доктор” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээснээс хойш яг 25 жил болж байна. Энэ бол МУИС-тай холбогдсон миний ажлын 25 жил бөгөөд миний хувьд яах аргагүй давхар баяр тохиож буй хэрэг.
Өнөөдөр МУИС нь зөвхөн өөрийн орны төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг сургуулиудын нэг болж чадсан. Монгол Улсад нэн хэрэгцээтэй чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд баттай байр суурийг эзэлж буй МУИС жилээс жилд өргөжин хөгжиж өдгөө 20 мянга гаруй оюутан залуусыг сурган, сурч боловсрох орчныг нь хангасан сайхан хотхонтой болжээ. Энэ бүгд та бүхнийг өөрийн их сургуулиараа бахархах эрхэм зүйлтэй гэдгийг илтгэж буй юм.
Москвагийн их сургууль цаашид ч танай сургуультай хамтдаа хөгжиж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд ямагт бэлэн бөгөөд бидэнд ийм түүхэн үндэс суурь, хүйн бат холбоос хангалттай бий билээ.
МУИС-ийн нийт оюутан, докторант, профессор, багш нар, ажилтан ажиллагсад та бүхэнд төрөлх сургуулийн тань түүхт ойн баярын мэндийг чин сэтгэлээсээ дахин хүргэж ажил нь бүтэмжтэй сайн байж, шинэ шинэ амжилт гаргахыг ерөөе. Та бүхний амьдрал аз жаргалаар дүүрэн, эрүүл энх байхыг хүсэн төрөлх сургуулиа хөгжүүлэх их үйлст нь амжилт хүсье.
Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.