ТАЛАРХАЛ

Share Button

Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баярын мэндийг үе үеийн профессор багш нар, ажилтан албан хаагч, төгсөгч, оюутан залуус болоод хамтран ажилладаг байгууллагын хамт олонд дахин өргөн дэвшүүлье.  Түүхт 75 жилийн ойн үндсэн арга хэмжээ, МУИС-ийг үүсгэн байгуулахад гар бие хүчин зүтгэсэн төр нийгмийн зүтгэлтнүүддээ хүндэтгэл үзүүлж хөшөөнд цэцэг өргөх ёслол, МУИС-Хөрөнгө оруулалтын форум, Шинэ номын сангийн нээлтийн ёслол амжилттай болж өнгөрснийг дурдан тэмдэглэх нь зүйн хэрэг билээ.

МУИС-ийн Номын сангийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өөрийн биеэр оролцож эрдэмтэн багш, оюутан залууст эрдмийн дээдийг хүсэж, МУИС-ийн Эрдмийн музейн хүндэт дэвтэрт дурсгалын үг бичиж, МУИС бренд дэлгүүрийн анхны худалдан авагч болж бидний үйл ажиллагааг дэмжин ажилласан танд болоод МУИС-ийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэн мэндчилсэн МУИС-ийн төгсөгч, МУ-ын УИХ-ын дарга М.Энхболд, МУ-ын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт МУИС-ийн эрдмийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж байна.

МУ-ийн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж МУИС-ийн эрдэмтэн багш, хамт олны нүр их хөдөлмөрийг үнэлж Сүхбаатарын одонгоор шагнаж түүнийг хүндэтгэлийн туганд залсан түүхэн үйл явдлын гэрч боллоо бид.

Түүхт 75 жилийн ойгоор МУИС-ийн эрдэмтэн багш, хамт олны хөдөлмөрийг үнэлж физикийн тэнхмийн багш профессор Г.Шилаагардыг МУ-ын Ардын багш цолоор, А.Хашбаатар багшийг МУ-ын Гавьяат багш, Ж.Урангуа багшийг Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэнээр шагнасан бөгөөд  МУИС-аас нийт 267 хүнд Төрийн, Засгийн газрын, МУИС-ийн шагнал, материаллаг урамшууллыг тус тус гардуулаад байна.

МУИС нь өнөөг хүртэл гүйцэтгэж ирсэн нийгмийн хариуцлага, соён гэгээрүүлэх үүргээ улам батжуулж ирсэн бөгөөд үүний бэлэг тэмдэг болох МУИС-ийн лого бүхий хөшөөг хамтран ажилладаг хувь хүн, байгууллага, төгсөгчдийн дэмжлэгтэйгээр босголоо.

Түүхт ойн, хүндэтгэлийн арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгуулахад оролцсон, дэмжиж тусалсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Засгийн Газар, яам, нийслэлийн удирдлагууд, хандив өгч хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.

75 жилийн ой гэдэг бол Монгол улсын дээд боловсролын салбарт урт удаан он жилүүд боловч дэлхийн академик байгууллагын жишгээр залуу нас юм. Бидэнд хийж бүтээх ажил, өмнөө тавьсан өндөр зорилго зорилт, эдгээрийг хэрэгжүүлж Монгол улсын дээд боловсролыг дэлхийн тавцанд хүргэх нь Та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас шууд хамаарах бөгөөд энэхүү амжилтад хамтдаа хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

МУИС-ийн Захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар