БНФУ-ын ЭСЯ-ны соёлын хамтын ажиллагааны элчин зөвлөх ноён Ален Дежакийг МУИС-ийн захирал Др. Я. Төмөрбаатар 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад ЭСЯ-ны соёлын хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Т.Төрням болон МУИС-ийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр болон ГХХ-ийн мэргэжилтэн Т. Сая-Эрдэнэ нар байлцав.
Шинэ албан тушаалд томилогдоод удаагүй байгаа ноён Ален Дежак 1983 онд МУИС-д монгол хэл, соёл судлаж байсан бөгөөд уулзалтын үеэр монгол хэлээр ярилцаж МУИС болон БНФУ-ын их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлэв. Тэрээр францын оюутан, залуучууд монгол хэл, соёлыг сонирхдог гэдгийг онцлоод монгол судлалын чиглэлээр оюутан солилцох, бакалавр, магистр, докторын МУИС-ийн монгол хэлний багш нарыг Францын их дээд сургуулиудад урьж багшлуулах, МУИС-ийн богино хугацааны зуны сургалтуудад франц оюутан, судлаачдыг хамруулах гэх зэрэг хамтын ажиллагааны олон боломжууд байгаа талаар дурдав.
Захирал Я.Төмөрбаатар МУИС нь Францын 10 их дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг талаар мэдээлэл өгч тус сургууль нь Франц хэл заадаг их дээд сургуулиудын холбоо (АЮФ)-нд 2013 оны 09 дүгээр сард уг байгууллагад элссэн тухай болон тус холбоотой хамтран МУИС-д цахим кампус байгуулах зорилт тавин ажиллаж буйгаа илэрхийлэв.
Мөн уулзалтын үеэр захирал Я.Төмөрбаатар хамтын ажиллагаатай францын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааг улам бүр идэвхтэй хэрэгжүүлэх, Европын Холбооны санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах талаар цохон тэмдэглэв.