БНАЛАУ-ын Боловсрол, Спортын сайд  МУИС-д айлчиллаа

Share Button

БНАЛАУ-ын Боловсрол, Спортын сайд  хатагтай Сөнгдүанен Лачантабүн тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д 11 дүгээр сарын 25-ны өдөр айлчиллаа. Хатагтай Сөнгдүанен Лачантабүны айлчлалын бүрэлдэхүүнд Боловсрол, спортын яамны гадаад харилцааны газрын дэд захирал хатагтай Ноумхам Чантабаули, сайдын нарийн бичгийн дарга ноён Тоудаванх Нормеуйнгсэт болон тус яамны  мэргэжилтэн хатагтай Тадам Тогсават нар байлцав.

МУИС-ийн талаас Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны асуудал хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаа, ГХХ-ийн дарга Ш. Мэндбаяр болон ГХХ-ийн мэргэжилтэн Т. Сая-Эрдэнэ нар зочдыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хатагтай Сөнгдүанен Лачантабүн хүлээн авч уулзаж буйд    МУИС-ийн удирдлагад талархсанаа илэрхийлээд Лаосын оюутнуудыг олон жилийн туршид суралцуулж буйд сэтгэл өндөр буйгаа дурдав. Мөн тэрээр  11 дүгээр сарын 24-ний өдөр хоёр улсын боловсролын сайд нар албан ёсны уулзалт хийж, оюутан солилцооны шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан талаар мэдээлэв. Тэрээр үргэлжлүүлэн МУИС-ийг төгссөн Лаосын оюутнууд эх орондоо амжилттай ажиллаж эх орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэлээ.

Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б. Очирхуяг хатагтай Сөнгдүанен Лачантабүн тэргүүтэй төлөөлөгчдийг МУИС-д зочилж ирж буйд талархсанаа илэрхийлээд МУИС-ийн талаар танилцуулга хийв. Мөн тэрээр МУИС, Лаосын Үндэсний их сургуулийн хооронд 2011 онд 10 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан талаар мэдээлээд гэрээний хүрээнд цаашид эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг идэвхтэй явуулах талаар саналаа илэрхийлэв.

Мөн МУИС-д суралцахаар ирж буй Лаосын оюутнууд суралцах хугацаанаасаа хоцорч ирдэг нь сурлагын амжилтанд сөргөөр нөлөөлөх хандлагатай тул оюутнуудыг цаг хугацаанд нь ирүүлэх талаар анхаарал тавьж ажиллах талаар мөн Лаос оюутнууд бизнес, олон улсын харилцааны хичээлийг сонгон суралцахаас гадна байгалын салбарын хөтөлбөрүүдээс сонгох өргөн боломж бий талаар хатагтай Сөнгдүанен Лачантабүнд санал дэвшүүлэв.

Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны асуудал хариуцсан дэд захирал Б.Очирхуяг эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хүрээнд ой судлалын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бий талаар дурдаад хамтран ажиллахад хэлний бэрхшээл үүсэх магадлалтай тул энэ асуудлыг хоёр талаас хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэв. Хатагтай Сөнгдүанен Лачантабүн дээрх саналуудыг анхааралдаа авч Лаосын үндэсний их сургуулийн удирдлагатай болон холбогдох бусад байгууллагатай холбогдон ажиллана гэдгээ илэрхийлээд эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тухайд орчуулагч томилон ажиллуулах боломжийг судлаж үзнэ гэдгээ уламжлав.

МУИС-ийн удирдлагуудтай хийсэн албан уулзалтын дараа хатагтай Сөнгдүанен Лачантабүн тэргүүтэй төлөөлөгчид МУИС-ийн номын санд зочилж музей, номын дэлгүүр, брэнд шоп, уншлагын танхимууд болон химийн лабораторитай танилцах аялал хийв. БНАЛАУ-ын Боловсрол, Спортын сайд  хатагтай Сөнгдүанен Лачантабүн тэргүүтэй төлөөлөгчид халуун дотноор хүлээж авсанд МУИС-ийн удирдлага болон номын сангийн эрхлэгч Г.Цэрэн болон номын сангийн хамт олонд гүн талархлаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүслээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар