Японы JSPS (Japan Society for the Promotion of Science), Окаяама Их Сургууль (Okayama University)-ийн санхүүжилтээр Зүүн болон Зүүн өмнөд азийн орнуудыг хамарсан Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих “Core to Core” хөтөлбөр 2016 оноос эхлэн хэрэгжиж байна. Уг хөтөлбөр нь 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд эхний уулзалт 2016 оны 6 дугаар сард Япон Улсад болсон бол хоёр дахь уулзалт Монгол Улсын Их Сургууль дээр 11 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Уулзалтад МУИС-ийг төлөөлж Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаа, Физикийн тэнхимийн эрхлэгч Н.Төвжаргал нар оролцон үг хэлж Тогтвортой хөгжлийн боловсролын суурь судалгаа, хэрэгжилтийг МУИС-ийн судлаачид манлайлан ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ.
“Core to Core” хөтөлбөрийн удирдагч Японы Окамаяа Их Сургуулийн Тогтвортой хөгжлийн боловсролын төвийн захирал, профессор Хироки Фүжиг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны асуудал хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр болон Физикийн тэнхимийн багш Ж.Дөлгөөн нар хүлээн авч уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Профессор Хироки Фүжи хүлээн авч уулзаж, хөтөлбөрийн уулзалт амжилттай явагдаж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болсондоо МУИС-ийн удирдлагад талархсанаа илэрхийлээд Монголын судлаачид Тогтвортой хөгжлийн боловсролын зорилгыг дэмжих, Ази тивийн хүрээнд ТХБ-ийн нэгдсэн баримт бичиг стандарт гаргах энэ үйл ажиллагаанд хамтран манлайлан байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв.
Энэ уулзалтад Япон, Солонгос, Хятад, Индонез, Лаос, Мянмар, Монгол зэрэг Зүүн Ази болон Зүүн Өмнөд Азийн орнуудын судлаачид Тогтвортой Хөгжлийн Боловсролын талаарх өөрийн улсад хийгдэж буй судалгааны ажлууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаарх танилцуулга, туршлага судлан үзэл бодлоо солилцон, Монгол Улсын болон хувийн их дээд сургууль, дунд сургуулиудын ханан илтгэлүүд хэлэлцэгдэж МУИС-ийн багш нар, судлаачид, оюутнууд хамтран оролцлоо.
Физикийн тэнхимийн зөвлөх, профессор Б.Бурмаа зочноор уригдаж багш бэлтгэх тогтолцоонд ТХБ-ыг хэрхэн тусгаж байгаа талаар илтгэл тавьсан юм.
Энэхүү хөтөлбөрийн хоёр дахь уулзалтыг хамтран зохион байгуулсан Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутитийн хамт олонд талархал илэрхийлье. Хөтөлбөрийн дараагийн уулзалт Япон Улсад 2017 оны 6 дугаар сард болохоор товлогдлоо.