Сайн хөрш сайхан дэлхийг бүтээнэ …
– Гүүд Нэйборс ОУТББ
2017 оны 11-р сарын 15-ны өдөр ОУХНУС-ийн оюутнууд бид “Олон улсын байгууллага ба олон талт яриа хэлэлцээ” хичээлийн хүрээнд “Гүүд Нэйборс Монгол”(Good Neighbors Mongolia) олон улсын төрийн бус байгууллагын хэтийн зорилго, үнэт зүйл, үйл ажиллагааны үндсэн чиглэл түүнчлэн Монгол улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй дэлгэрэнгүй танилцлаа.
Монгол улсад 2006 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй тус байгууллага нь өлсгөлөн ядууралгүйгээр хамтдаа эв нэгдэлтэйгээр амьдрах дэлхийг бүтээх, гай гамшиг, дарамт шахалтад өртсөн хөршүүдийнхээ эрхийг хүндэтгэн, тэдний итгэл найдвар урам зоригийг бадраан, хэнээс ч хараат бусаар, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор анх 1991 онд Өмнөд Солонгос улсад байгуулагдсан ашгийн бус, шашны бус, хүмүүнлэгийн, хөгжлийн төлөөх олон улсын ТББ бөгөөд одоогоор дэлхийн 35 оронд үндсэн хөтөлбөрийн 100 гаруй, сайн дурын 200 гаруй ажилчидтайгар ажиллаж байна. 1996 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс ерөнхий зөвлөх эрх авсан бөгөөд 2007 онд НҮБ-ын Мянганы хөгжлийн сангийн шагнал хүртсэн байгууллага юм.
Улаанбаатар хотын 6 дүүрэгтэй хамтын ажиллагааны гэрээтэйгээр “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”, “Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр” гэсэн урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхээс гадна тухайн орон нутагт хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. 2011 оноос хойш хүүхдийн нас, сэтгэхүйд тохируулан хүүхдийн эрхийн талаар мэдлэг олгож, болзошгүй аюул, эрсдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий сургалтуудыг явуулж, хүүхэд бүрт нээлттэй номын сан, хөгжмийн болон гадаад хэлний дугуйлан, хичээлийн хоцрогдол арилгах давтлага зэргийг багтаасан “Хүүхэд хөгжлийн төв”-ийг нээн ажиллуулж байна.
Түүнчлэн, хүнд нөхцөл буй хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан багийг хуралдуулах, холбон зуучлах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг бөгөөд Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн ажилтнууд нь хүүхэд болон эцэг эхтэй нь байнгын эргэх холбоотой ажиллаж, жилд 4 удаа гэрээр нь зочилж, нөхцөл байдалтай нь танилцаж, улиралд 1 удаа шууд тусламж үзүүлдэг. Тухайлбал, хаврын улиралд хүүхдүүдийг витаминжуулах аян явуулж, эмчийн үзлэгт хамруулдаг, намрын улиралд хичээлийн хэрэгслийн тусламж харин өвлийн улиралд дулаан хувцас хэрэгслээр тусалдаг.
Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь боловсрол, хамгаалал, эрүүл мэнд, ундны усны эрүүл ахуй, нийгмийн нөлөөллийн ажил, орлого нэмэгдүүлэх, сүлжээ чадамжийг сайжруулах зэрэг чиглэлээр ажилладаг ба жилд 250,000 орчим ядуу болон нэн ядуу иргэн төслийн ашиг шимийг хүртэж байна.
Оюутан бидэнд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын ажилд нэгдэх шаардлага ихээхэн тулгардаг билээ. Тэгвэл бусдад туслах чин хүсэл эрмэлзэлтэй хэн бүхэнд энэхүү байгууллагын үүд хаалга нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна.
Биднийг халуун дулаанаар угтан авч байгуулагынхаа үйл ажиллагаатай танилцуулж, үнэтэй зөвлөгөөг харамгүй өгсөн Нандинцэцэг эгч болон тус байгуулагын хамт олонд гүн талархлаа илэрхийлье!
Гүүд Нэйборс ОУТББ-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://goodneighbors.org.mn/ болон https://www.facebook.com/pg/GoodNeighborsMongolia хаягаас үзнэ үү.
С.Энхсайхан, Т.Ууганбаяр, Б.Номин