Монгол Улсын Их Сургууль, МУИС-ийн Төгсөгчдийн холбоодын зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, МУИС-ийн Төгсөгчдийн Холбоодын Зөвлөлийн хамтарсан Уулзалт-Хэлэлцүүлэг болж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус уулзалтад МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам, БС-ийн захирал Ч.Энхбаяр, ДХАОНХХ-ийн дарга П.Лхамсүрэн, Эрдэнэт сургуулийн захирал Т.Энх-Амгалан, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж, Санхүү эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Т.Ууганбаяр, ТХЗ-ийн тэргүүн Б.Бямбасайхан, ТХЗ-ийн тэргүүлэгч Л.Мягмаржав, ТХЗ-ийн НБД Н.Баасанжав, БС-ийн ТХ-ны НБД Н.Сүхбат, Завхан сургуулийн Төгсөгч дэмжигчдийн холбооны дарга Л.Батсайхан зэрэг МУИС-ийн удирдлагууд болон төгсөгчдийн холбоодын төлөөллүүд оролцлоо.

     

Тус уулзалт хэлэлцүүлэг нь МУИС-ийн ТХЗ-ийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө, төгсөгчийг идэвхжүүлэх болоод хэрхэн хамтран ажиллах, оюутан суралцагчид төгсөгчдийн хоорондын эргэх холбоог сайжруулах зэрэг олон асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлэхдээ “МУИС-ийн нэр хүнд, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, уламжлал-шинэчлэлийг зөв хослуулж, нийгмийн хариуцлагаа улам нэмэгдүүлж манлайлах байр сууриа хадгалахын тулд бидэнд төгсөгчдийн маань хамтын ажиллагаа, идэвх оролцоо нэн чухал ач холбогдолтой хэмээн онцлоод, МУИС-ийн Стратеги төлөвлөгөө 2016-2024”-ийн нэг томоохон зорилго бол МУИС нь 2024 онд АЗИЙН ШИЛДЭГ 100 ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН НЭГ болох алсын хараа юм. Энэхүү зорилгыг биелүүлэхэд МУИС-ийн нийт төгсөгчдийн төлөөлөл болон ажиллаж буй МУИС-ийн Төгсөгчдийн холбоодын зөвлөл, бүрэлдэхүүн, салбар сургуулийн Төгсөгчдийн холбоодын цаашдын үйл ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэх юм. Тиймээс МУИС-ийн удирдлагын зүгээс нийт төгсөгчдийнхөө санал санаачлага, идэвх оролцоог байнга дэмжиж ажиллах болно” хэмээлээ.

МУИС-ийн ДХАОНХХ болон ТХЗ-ийн зүгээс хамтран 2018-2019 оны хичээлийн жилд нийт оюутнуудад зориулсан “Job fair-Ажлын байрны үзэсгэлэн яармаг”, МУИС-ийн төгсөгчдийн анхдугаар чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөлөө.

ТХЗ-ийн тэргүүн Б.Бямбасайхан хэлэхдээ “МУИС-аас өрх тусгаарлан бие даасан сургуулиудын төгсөгчдийг оролцуулбал 200 мянга орчим дээд боловсролтой мэргэжилтэн манай сургуулийг төгссөн байна. Энэ олон мянган төгсөгчдийг төлөөлнө гэдэг бол тийм ч амар ажил биш. Тийм учраас тодорхой зорилго тавиад үе шаттай хэрэгжүүлэх нь илүү оновчтой санагдаж байна. Дээрх хоёр арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж байх нь оновчтой юм. Бид бол МУИС-ийн нийт төгсөгчдийг идэвхжүүлж байх амьд гүүр болж байна. Тийм учраас сургуулийнхаа 2024 онд АЗИЙН ШИЛДЭГ 100 ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН НЭГ болоход идэвх чармайлттай оролцоно. Нийт төгсөгчдийн 80 хувийг ажлын байраар хангах тал дээр ТХЗ-ийн зүгээс олон ажил зохион байгуулах болно” хэмээв.

Мөн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам “МУИС-ийн төгсөгчид Монгол Улсын нийслэл, 21 аймагт төрийн, олон улсын, хувийн хэвшлийн байгууллагуудад чиглэл чиглэлээрээ хариуцлагатай ажил хөдөлмөр эрхэлж, үргэлж манлайлж явааг хараад бахархах сэтгэл төрдөг. Энэ бол эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчид та бидний ажлын үр дүн, хамтын бүтээл юм. Бидний зүгээс МУИС-ийн Оюутны холбоо, Ахмад багш, ажилчдын нэгдсэн холбоо, оюутнуудын хөгжилд чиглэсэн сайн дурын клубууд болох МУИС-ийг түшиглэсэн ТББ-уудыг үргэлж дэмжин нягт уялдаа холбоотой хамтран ажилладаг. Мөн ДХАОНХХ-ийг шинээр байгуулж одоогийн байдлаар МУ-ын ЗГ-ын 11 агентлаг, 15 аймаг, төр хувийн хэвшлийн томоохон байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, түүнийхээ хүрээнд олон ажлыг санаачлан эхлүүлээд байна. Өнөөдөр ТХЗ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйдаа баяртай байна. Бидний цаашдын үйл ажиллагааны цар хүрээ өргөн ач холбогдол байна хэмээн итгэж байна. Энэхүү уулзалт-хэлэлцүүлэг, гэрээ байгуулах ёслолыг хүндэтгэн хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж байна” хэмээсэн юм.

Хамтын ажиллагааны гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж байгаа бөгөөд жил жилээр үргэлжлүүлэн сунгаж байх юм. Харин ажлын үр дүнг жил бүр дүгнэж байхаар боллоо.