БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд МУИС-д айлчлав 

Share Button

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд эрхэмсэг ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд МУИС-д өнгөрсөн оны 3 дугаар сард айлчилж Монгол, Турк хоёр улсын боловсрол, соёлын хамтын  ажиллагааны талаар болон МУИС-ийн Түрэг судлалын салбарт хэрэгжиж байгаа сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож цаашид хоёр тал хамтын ажиллагааг түрэг судлал төдийгүй археологи, антропологи, түүх болон бусад боломжит салбаруудад өргөжүүлэн ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан билээ. 

Энэ удаагийн уулзалтаар элчин сайд Ахмет Язал цаашдын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж идэвхжүүлэх талаар бодитой саналууд дэвшүүлсэнийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар талархан хүлээн авав. Энэ оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Турк, Монголын 150 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсон томоохон хэмжээний симпозиум Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж буйг элчин сайд  Ахмет Язал онцлон тэмдэглээд энэхүү арга хэмжээ нь хоёр улсын түүх, соёлын талаар харилцан мэдээлэл авах, санал солилцох сайхан завшаан болж буйг нэмж дурдав.  

Тэрбээр БНТУ-ын ЭСЯ-наас МУИС-тай зөвхөн түрэг судлалын салбарт төдийгүй бусад боломжит салбаруудад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр түрэг судлалыг өргөжүүлэх, анги танхим тохижуулах, холбогдох ном сурах бичгээр хангах, түрэг судлалын төгсөх ангийн оюутнуудыг ахисан түвшний сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. 

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар ноён элчин сайдын саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд Туркийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулах, БНТУ-руу МУИС-ийн багш судлаачдын багийг томилон ажиллуулах боломжийг судалж үзэх, хамтын ажиллагааг цогц байдлаар дэмжихийн тулд түрэг судлалын төв байгуулах арга замыг эрэлхийлэх, цогц хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал бэлдэх ажлын хэсэг байгуулж ажиллахаа илэрхийлэв.  

Уулзалтад МУИС-ийн зүгээс Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, доктор Б.Очирхуяг, ШУС-ийн Түрэг судлалын багш, доктор Ц.Баттулга болон ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар оролцов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар