Уяхан цэнхэр хавраа үдэж, сургуулийн анги танхимаас амьдралын их далай руу хөл тавих баяр, гуниг хосолсон нандин мөчүүд жил бүрийн өдийд төгсөх ангийнханд тохиодог. Тэдний төлөөлөл болсон МУИС-ийн Улаанбаатар сургуулийн хаврын төгсөлт 6-р сарын 8-нд болж, оюутнууд ромбо, дипломоо захирал удирдлагуудаасаа хүндэтгэлтэйгээр гардан авлаа.
Ромбо диплом гардуулах энэхүү ёслолын ажиллагаанд Улаанбаатар сургуулийн захирал, удирдлагууд эрдэмтэн багш нараас гадна, МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар хүрэлцэн ирж оролцов. Энэ үеэр дэд захирал Р.Ринчинбазар төгсөгчдөд хандан баяр хүргэж, шинэ мянганы үед амьдарч, эх орондоо ихийг бүтээх, түүхэн чухал үүрэг хүлээсэн хүмүүс шүү гэдгээ үргэлж санаж явахыг захихын хамт ямагт номын нөхөр байж, мэдлэг боловсролоо байнга ахиулж, үргэлж шинийг сурч мэдэж, эрэлхийлж, эрин цагаасаа хоцролгүй хөл нийлүүлэн алхаж явахыг хүслээ.
Улаанбаатар их сургуульд элсэн ороод Монгол улсын их сургуулийн дипломтой төгсөж буй эдгээр анхны бөгөөд азтай төгсөгчид МУИС-ийн дэд захирлын “… цаашид ахисан шатны хөтөлбөр буюу магистр, докторын төвшинд үргэлжүүлэн суралцахад манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэсэн урилгын үгийг нижигнэсэн алга ташилтаар баяртайгаар хүлээн авав.
Энэ 2011 онд МУИС-ийн УБС-ийг хэл утга зохион, нийгмийн ухаан, технологийн чиглэлийн 22 мэргэжлээр нийт 516 оюутан төгслөө.