МУИС-ийн Оюутны I дотуур байр Оны тэргүүний оюутны байраар шалгарлаа

Share Button

Монголын дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөн өнөөдөр /2018.04.18/ боллоо. Зөвлөгөөнийг БСШУСЯ-аас дэмжин Монголын дотуур байрны багш нарын холбоо, Монголын оюутны холбоотой хамтран зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд их, дээд сургуулийн удирдлага, дотуур байрны эрхлэгч, багш, оюутнуудын төлөөлөл болох 100 гаруй хүн оюутны байрны орчин нөхцөлийг сайжруулах, сайн туршлага хуваалцах, цаашид анхаарах асуудлуудаар санал солилцов.

2017-2018 оны хичээлийн жилд 12590 оюутан дотуур байранд суухаар хүсэлт гаргасны 96.3 хувь буюу 12374 оюутан нь дотуур байраар хангагджээ. Дотуур байранд амьдарч байгаа суралцагчдын 90.5 хувь буюу 11198 оюутан нь өөрийн сургуулийн, 9.5 хувь буюу 1176 оюутан бусад сургуулийн дотуур байранд сууж байна. Нэг оюутны  байранд дундажаар 250-450 оюутан амьдардаг бөгөөд төрийн өмчийн их, дээд сургуулиуд өөрийн эзэмшлийн оюутны дотуур байртай бол хувийн хэвшлийн их, дээд сургуулийн 50 гаруй хувь нь дотуур байргүй байгаа ажээ.

БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Их, дээд сургуулиудад 155 мянган оюутан залуус сурч байна. Үүний 56 хувь нь хөдөө орон нутгийн харьяалалтай. Оюутны байруудад эхлээд 1, 2 дугаар курсын оюутнуудыг оруулах, тэднийг хотын амьдралд дасах, суурьшихад нь зориулсан арга хэмжээг авдаг. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оюутны байрны хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ гэж тусгасан. Гэвч бодит байдал, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд дахин 10000-аар оюутны байрны хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэдэг бол нэлээд хүнд зорилтуудын нэг юм. Мөн дотуур байрны үйлчилгээний чанарын асуудалд анхаарч байна” гэлээ.

Монголын дотуур байрны багш нарын улсын IV зөвлөгөөний үеэр Улсын болон оны тэргүүний оюутны байруудыг шалгаруулж, шагнал гардууллаа. Улсын тэргүүний оюутны байраар МУБИС-ийн Оюутны өргөө I дотуур байр шалгарсан бол Оны тэргүүний оюутны байраар МУИС-ийн Оюутны I дотуур байр, ШУТИС-ийн Оюутны IV дотуур байр, АШУҮИС-ийн Дархан уул аймгийн салбар сургууль тус тус шалгарав.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар