Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын “E-filing, IPOM Publish” системийн нээлт, “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент” үндэсний семинарыг амжилттай зохион байгууллаа

Share Button

2016 оны 9 дүгээр сараас эхлэн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан WIPO IPAS системийг суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа дээрх системээр хийгддэг болсон. Тус төслийн хүрээнд хийгдсэн цахим мэдүүлгийн систем болох Аж үйлдвэрийн өмчийн мэдээлэл, хайлтын цахим санг өнөөдөр /2018.04.26/ буюу Дэлхийн оюуны өмчийн өдөр албан ёсоор нээж, ДОӨБ-ын дэд захирал Ёшиюуки Такаги,  ДОӨБ-ын ОӨ-ийн газар хоорондын бизнес шийдлийн хэлтсийн бүсийн ахлах менежер Жунео Жан, ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан, МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар, ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга С.Урангэрэл нар хүндэтгэлийн тууз хайчиллаа.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-нд “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ онд тус өдрийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: Шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэж байна.

Мөн тус арга хэмжээний үеэр ДОӨБ-ын дэд захирал Ёшиюуки Такаги,  ДОӨБ-ын ОӨ-ийн газар хоорондын бизнес шийдлийн хэлтсийн бүсийн ахлах менежер Жунео Жан, ДОӨБ-ын ОӨ-ийн газар хоорондын бизнес шийдлийн хэлтсийн бүсийн мэргэжилтэн Кио Зао нарыг БСШУСЯ-наас “Хүндэт жуух” бичгээр шагнасан ба шагналыг БСШУС-ын Сайдын зөвлөх С.Мөнхбат гардуулж өглөө.

Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар: Тус системийг нэвтрүүлсэний үр дүнд нийт их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид шинэ мэдлэгийг түгээх, хуваалцах, төдийгүй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой байх болно гэж үнэлж байна.  Энэхүү систем нь бүх хүнд нээлттэй, үнэ төлбөргүй, 24 цаг ашиглах боломжтой, мөн уг системд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг болон ашигтай загварын мэдүүлгээ цахим буюу онлайнаар мэдүүлэх боломжтой болж байгаа тул цаг хугацаатай уралдан амьдарч байгаа манай эрдэмтэн судлаач, зохион бүтээгч, шинийг санаачлагч, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын ажилтнууд, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа улам баялаг болж, улмаар нийт ард иргэдэд оюуны өмчийн тогтолцоог бүрэн дүүрэн ашиглах, үр шимийг нэгэн зэрэг хүртэх боломжийг олгож байгаад талархал илэрхийллээ.

ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан энэхүү үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт зочид төлөөлөгч, эрдэмтэн судлаач, зохион бүтээгч Та бүхэнд Дэлхийн Оюуны өмчийн өдрийн мэндийг дэвшүүлье. Иноваци, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, оюуны өмчийн тогтвортой, үр ашигтай тогтолцоог бий болгодог Дэлхийн Оюуны өмчийн байгууллагатай Монгол Улс олон жилийн хамтын ажиллагаатай. 2016 оны 9 дүгээр сараас ДОӨБ-аас Аж Үйлдвэрийн өмчийн удирдлагын автоматжуулсан WIPO IPAS системийг суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслйин хүрээнд 2017 оны 1 дүгээр сараас барааны тэмдгийн эрхийн хамгаалалт, 2018 оны 1 дүгээр сараас шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын  эрхийн хамгаалалтын үйл ажиллагаанд дээрх системийг бүрэн ашиглаж эхлээд байна. Богино хугацаанд тус төслийг ДОӨБ-тай хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол түүхэн үйл ажиллагаа юм. Учир нь Монгол Улс Дэлхийн мэдээллийн санд холбогдлоо. Ингэснээр дотооддоо төдийгүй олон улсын мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийж, иноваци хөгжүүлэлтэд уг мэдээллийн сангаа ашиглах боломжтой. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйл ажиллагааг цахимд системд шилжүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, хүртээмжтэй, цаасгүй хүргэх зорилго тавьсан. Энэхүү зорилгыг бид биелүүлж байна. Та бүхэн систем рүүгээ ороод нэвтрээд үзээрэй. Монгол Улсад хэдэн оноос өнөөдрийг хүртэл патент, барааны тэмдэг, шинэ бүтээлийн  мэдээллүүд хуримтлагдаж орсон, мэдээллээ хадгалдаг, хамгаалдаг, түгээдэг асуудал ямар түвшинд очсон байгааг хараасай гэж хүсч байна. Уг төслийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн ДОӨБ-д дахин талархал илэрхийлье” гэлээ.

“Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент” үндэсний семинарт ДОӨБ –ын Дэлхий нийтийн дэд бүтцийн газар хариуцсан Ерөнхий захирлын орлогч Ёо Такаги “Монгол улсад инновацийг хөгжүүлэхэд оюуны өмчийн мэдээллийг онлайнаар авах боломжийг нэмэгдүүлэх нь”,  БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвдорж “Төрөөс инновацийн талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэлт”, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг “Их дээд сургуулийн оюуны өмчийн хамгаалал, оюуны өмчийг хэрэглээнд нэвтрүүлэх асуудал”,  ОӨУБЕГ, АҮӨГ-ын шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл “Патент, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах” зэрэг сэдвээр тус тус илтгэл танилцуулж, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүллээ.

Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын “E-filing, IPOM Publish” системийн нээлт, “Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологи, Инновацийн Менежмент” үндэсний семинарыг ДОӨБ, ОӨУБЕГ-ийн Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газар болон МУИС-ийн ЭШИХ, Технологи дамжуулах төв хамтран зохион байгуулсан ба тус арга хэмжээнд ХЗДХЯ, Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо,  ШУА-ийн төлөөлөл болон үндэсний их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид оролцов.

Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон эрдэм оюуны түүчээ та бүхний эрдмийн ажилд улам өндөр амжилт хүсье.

Цахим мэдүүлгийн систем

https://www.youtube.com/watch?v=PdKjsEFuGRI

Патент болон барааны тэмдгийн мэдүүлгийн хайлтын систем

https://www.youtube.com/watch?v=4_G6gySx330