“Үндэсний бичиг үсгийн баяр – 2018” өдөрлөгийг зохион байгууллаа

Share Button

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан эх хэл, бичиг соёлоо оюутан залуус, ард иргэдэд сурталчлах нээлттэй өдөрлөгийг 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр МУИС-ийн Номын сангийн байрны өмнөх талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн Номын сангийн сан хөмрөгт байгаа үндэсний бичиг үсгийн түүх, дурсгалтай холбоотой 100 гаруй номоор сэдэвчилсэн үзэсгэлэн гаргаж танилцуулав.

ШУС-ХУС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимтэй хамтран ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит Монгол бичгийн улсын уралдаанд амжилттай оролцсон хүмүүст шагнал гардуулав.

Өдөрлөгийн хүрээнд Монгол хэл шинжлэлийн тэнхимийн дэргэдэх ”Хос уянга” нэгдлийн оюутнуудтай хамтран “Монгол бичиг–Бидний өв” уран бичлэгийн уралдаан олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж, МУИС-ийн оюутан М.Буянхишиг  1-р байр, СЭЗДС-ийн оюутан М.Данзанпэрэнлэй 2-р байр, МУИС-ийн оюутан Х.Хонгорзул 3-р байрыг тус тус эзэлж, зохион байгуулагч нарын зүгээс “Хос уянга” нэгдлийн сургалтад үнэгүй хичээллэх эрх,  дурсгалын зүйлээр урамшууллаа.

Уншигчдын дунд “Буддын эх сурвалжийн монгол орчуулгын тухай” сэдвээр Шашин судлалын тэнхимийн багш доктор, профессор М.Гантуяа сонирхолтой ярилцлага хийв.