Монгол Улсын Их Сургууль сансрын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэглээний шинэ арга замуудыг судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой BIRDS олон улсын төслийн 3 дугаар хурал, “Монголын байгаль орчинд хиймэл дагуулын мэдээлэл ашиглалт олон улсын 8 дугаар хурал”-ыг 2018 оны 8 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Хурлын нээлтэд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, МУ-ын баатар Ж.Гүррагчаа нар үг хэлсэн бол МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээ, илгээлтийг генерал Ц.Тогоо, БСШС-ын сайдын мэндчилгээг С.Мөнхбат уламжилав.
Хурлын нээлтийн үйл ажиллагааны үеэр МУИС-ийн профессор Р.Цолмон, Мазаалай хиймэл дагуулын анхны хандивлагч Тэмүүлэнгийн хамтаар МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт хиймэл дагуул амжилттай хөөргөсний батламж болон удирдлагын компьютерийн түлхүүр, сансарт байрлаж байсан Монгол Улсын далбааг дурсгав.
Хуралд гадаадын 18 улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэлээ хэлэлцүүлж байна. Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, боловсрол, газарзүй мэдээллийн систем, байгаль орчин зайнаас тандан судлалын чиглэлийн эрдэмтэн судлаач, оюутнууд болон сонирхсон хүмүүст тус хурал нээлттэй.
Монгол Улсын Их Сургууль нь хөгжиж буй орнуудын сансрын технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилготой олон улсын BIRDS төслийн хүрээнд Монгол Улсын анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай”-г 2017 оны 7 дугаар сард сансарт хөөргөсөн билээ. Одоогоор “Мазаалай” хиймэл дагуул хамт хөөрсөн хиймэл дагуулуудаас ганцаараа ажиллаж, мэдээлэл дамжуулж байгаа юм.