Энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатайгаар Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэж байна. Үүний хүрээнд “Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018″ үзэсгэлэн болсон бөгөөд 120 гаруй байгууллага 1500 гаруй инновацийн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.
Тодруулбал,
- төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн,
- их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани,
- Засгийн газрын хэрэгжүүлэгч 4 агентлаг,
- хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч,
- улсын нэгдсэн 3-р эмнэлэг,
- мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч ICT групп,
- “Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” байгууллагын төлөөлөл зэрэг Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч байгууллагууд оролцлоо.
Эрдэмтэн, судлаачид инновацийн үзэсгэлэнгээр дамжуулж шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө нийтэд дэлгэн танилцуулахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах худалдан авалтаар дэмжих зорилготойгоор “Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018″ үзэсгэлэнг зохион байгуулжээ.
Уг үзэсгэлэнд МУИС-ийн Эм Би Пи лаб Гарааны компани, Математикийн хүрээлэн, Цөмийн судалгааны төв, Лазерийн судалгааны лаборатори, Компьютер график, мультмедиа судалгааны нээлттэй лаборатори, Сэргээгдэх эрчим хүчний сургалтын лаборатори, Чадлын электроникийн сургалтын лаборатори, ХШУИС-ийн дэд профессор Ч.Сономдагва эрхлэгчтэй Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим, ШУС-ийн БУС-ын Химийн тэнхимийн профессор О.Болормаа удирдагчтай Орчны шинжилгээний лаборатори, Биологийн тэнхимийн профессор Б.Болдгив удирдагчтай Экологи, эволюцийн синтезийн лаборатори, Физикийн тэнхимийн профессор Р.Цолмон удирдагчтай NUM-ITC-UNESCO, Сансар судлал, Зайнаас тандан судлалын лаборатори, Химийн тэнхимийн профессор Ш.Наранмандах удирдагчтай Байгалийн нэгдлийн химийн лаборатори зэрэг хүрээлэн, төв, лаборатори, судалгааны багууд оролцож бүтээлээ танилцуулсан байна.