Бүрэлдэхүүн сургуулиудын захирлыг сонгох хамт олны хурал боллоо

Share Button

МУИС-ийн дүрмийн 4.3.1, 4.4.3.2 дахь хэсгийг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар Шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургуулийн захирлыг судлан шалгаруулах ажлын хэсгийг 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан билээ. Судлан шалгаруулах ажлын хэсгүүд тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалт, судалгааны ажлын онцлогийг харгалзан түүний удирдлагад тавигдах нарийвчилсан шалгуур, үзүүлэлтүүдийг тогтоож, шаардлага хангасан нэр дэвшигчдийг тодруулан 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хамт олны хурлыг зохион байгуулж нууц санал хураалтыг зохион байгууллаа.

Бизнесийн сургуулийн хамт олны хурал 73,8 хувийн ирцтэй хуралдаж захиралд нэр дэвшигчид болох Н.Батнасан, Б.Даваасүрэн, Ч.Энхбаяр нар тус бүр 15 минутын хугацаатай танилцуулга хийсэн бөгөөд, хуралд оролцогчдоос асуусан асуултад хариулав. Хамт олны нууц санал хураалтаар Н.Батнасан, Ч.Энхбаяр нар хамгийн өндөр санал авсан байна.

Шинжлэх ухааны сургуулийн хамт олны хурал 90,8 хувийн ирцтэй хуралдаж захиралд нэр дэвшигчид болох Ж.Даваасамбуу, Д.Заяабаатар, Г.Эрдэнэбаяр нар тус бүр 10 минутын хугацаатай танилцуулга хийсэн бөгөөд, хуралд оролцогчдоос асуусан асуултад хариулсан юм. Хамт олны нууц санал хураалтаар Д.Заяабаатар, Г.Эрдэнэбаяр нар хамгийн өндөр санал авав.

МУИС-ийн дүрмийн 4.4.3.2 дах хэсэгт “Бүрэлдэхүүн сургуулийн захирлыг судлан шалгаруулах ажлын хэсгийг МУИС-ийн захирлын тушаалаар байгуулна. Ажлын хэсэг шаардлага хангасан нэр дэвшигчдийг тодруулж үндсэн орон тооны багш болон зөвлөх профессор, зөвлөх дэд профессор нарын 50-иас дээш хувийн ирцтэй хурлаар нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчээс МУИС-ийн захирал сонгон томилно” гэж заасны дагуу судлан шалгаруулах ажлын хэсгүүд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчдийн нэрсийг 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр МУИС-ийн захиралд хүргүүлээд байна.

МУИС-ийн дүрмийн 4.4.3.2 дах хэсэгт заасны дагуу МУИС-ийн захирал Бизнесийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн хамт олны нууц санал хураалтаас хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчээс тус тус сонгон томилох юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар