Монгол Улсын Засгийн газраас батлагдсан “40 000 орон сууц” хөтөлбөр, Төрийн албан хаагчдын “4 000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын бондын хөрөнгөөр багш, ажилтан, албан хаагчдыг байрны зээлд хамруулах, орон сууцны хангамжийг сайжруулах зорилгоор МУИС-ийн захирал С.Төмөр-Очир ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээний хүрээнд ОССК нь”Иргэдэд олгох орон сууцны санхүүжилтийн зээлийн журам”-д заасан нөхцөл, шалгуурын дагуу хөдөөд болон хотод ойрын хугацаанд баригдаж дуусах орон сууцнаас МУИС-ийн багш, ажилтнуудыг арилжааны банкуудын урт хугацаат зээлд хамруулах ажлыг зохион байгуулах юм байна. Харин МУИС-ийн зүгээс дээрх ажлыг шуурхай хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх төрлийн мэдээлэл, материалыг үнэн бодитоор гаргаж өгөх үүрэг хүлээхээс гадна ОССК-ийн корпорацийн ажилтан, албан хаагчдыг сургах, давтан мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах аж.