Өнгөрсөн 7 хоногт МУИС-ийн Газарзүй Геологийн Сургуулийн Хот төлөвлөлт, Газар зохион байгуулалтын тэнхимийн багш доктор Г.Гантулга, магистр багш Ц.Базарханд нараар ахлуулсан Хот төлөвлөлтийн 2-р ангийн оюутнууд болон магистрант Л.Индра нарын бүрэлдэхүүнтэй дадлагын баг Багануур дүүрэгт Оюутны хотхон баригдах газартай танилцах хээрийн дадлага хийгээд ирлээ. Төслийн удирдагч Ц.Энхболд дадлагын багийнханд Хэнтий аймаг, Багануур дүүргийн нутгийг хамарсан нийт 20,000 га талбайд хотхон баригдахаар төлөвлөж байгаа тухай болоод ажлын явц, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал зэргийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Оюутнууд оюутны хотхоны ажилчдын байрны зориулалтаар хуучны орос ажилчдын байрыг сэргээн засварлах үйл ажиллагаа ид явагдаж байгаатай биечлэн үзэж танилцав. Мөн Улаанбаатар- Багануурын зам, хичээлийн байраас гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх болоод гэр бүл нийгмийн асуудалд нь анхаарсан бусад байгууламжуудыг ч мөн нарийн тооцоолон тусгаж өгөх хэрэгтэй зэргээр санал бодлоо хуваалцсан юм. Энэхүү хээрийн дадлагад оюутнууд маш идэвхитэй оролцож Хот төлөвлөлтийн ангийн оюутнуудын дунд зохиогдох эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцоход нь ихээхэн түлхэц болсон үр дүнтэй дадлага боллоо гэцгээж байлаа.