“Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа” Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Герман улсын Мартин-Лютер Их Сургууль Халле Виттенбергт 2012 оны 3-р сарын 25-29-д болов. Энэ нь Монгол ба Герман улсын биологичид хамтран ажилласны 50 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан бөгөөд биологийн олон янз байдлын чиглэлээр Германы эрдэмтэдтэй хамтран ажилласан үе үеийн Монгол судлаачид оролцож, манай орны биологийн олон янз байдлын судалгаа, хамгааллын ажлын өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй үед нэгтгэн дүгнэсэн эрдэм шинжилгээ, эрдмийн нөхөрлөлийн онцгой үйл явдал боллоо.
Энэ хурлыг Герман улсын Мартин-Лютер Их Сургууль Халле Виттенберг, Байгалийн Шинжлэх Ухааны Цуглуулгын Төв Сан ба Биологийн Хүрээлэн, Вильмийн Байгаль Хамгааллын Олон Улсын Академи, Гөрлицийн Байгалийн Түүхийн Сенкенберг Музей, Монгол Улсын Их Сургууль, Монгол улсын Шинжлэх Ухааны Академи зэрэг бусад байгууллагууд хамтран зохион байгуулав.
Манай улсаас МУИС, ШУА, Дэлхийн Байгаль хамгаалах сан, Хустайн БЦГ, Их Говийн ДЦГ, Байгалийн гоц халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагын 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтэн, судлаачдын баг оролцсон нь гадаад улсад урьд өмнө энэ чиглэлээр болж байгаагүй өргөн цар хүрээтэй болсныг хурал болсоныг илэрхийлнэ. Энэ хуралд зөвхөн Монгол, Германы судлаачид төдийгүй ОХУ, БНХАУ, Австри, АНУ, Швецари зэрэг 10 орчим орны эрдэмтэд оролцлоо.
Монгол-Германы хамтарсан хээрийн хайгуул судалгааг 1962 оноос Мартин-Лютер Их Сургууль Халле Виттенбергийн профессор Михайл Штуббегийн эцэг профессор Ханс Штуббе эхлүүлж, улмаар өнөөдрийг хүртэл профессор М.Штуббе, доктор Анна Штуббе нэр үргэлжлүүлж байна. Профессор М.Штуббе нь Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд өөрийн ухамсарт амьдралаа зориулсан бөгөөд энэхүү хурлыг хамтран зохион байгуулсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Хурлын үед Монгол-Германы хээрийн хайгуул судалгаанд оролцож байсан үе үеийн судлаачид нэгэн доор цугларч хуурай газрын амьтны аймгийн олон янз байдал, ургамалжилт ба ургамлын олон янз байдал, ус ба усны экосистемийн олон янз байдал гэсэн үндсэн хэсэгт хуваагдаж, хийсэн, хийж буй, хийхээр төлөвлөж буй ажлаа төлөөлөгчдөд танилцуулж, санал, зөвлөмж авлаа.
Хурал зохион байгуулагчид хурлын төлөөлөгчдийг Халле хотын Ботаникийн цэцэрлэг, Халле болон Лейпциг хотын амьтны хүрээлэнгээр аялуулав. Хурлын төлөөлөгчдийн хамгийн ойрын зорилт бол өөрийн хэлэлцүүлсэн илтгэлээ өгүүлэл хэлбэрт оруулан засаж, цэгцлэн Монгол орны биологийн олон янз байдлын чиглэлээр байнга Германд хэвлэгддэг “Erforschung Biologischer Ressourcen der Mongolei” цуврал бүтээлд хэвлүүлэх ажил болно.