“МУИС-ийн кампус байгуулахад олон улсын туршлагыг хэрэгжүүлэх боломж, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.
Хурлыг МУИС-ийн захирал С.Төмөр-Очир нээж үг хэлэн, БСШУЯ-ны Их Сургуулиудын Хотхоны Ашиглалтын Өмнөх Захиргааны дарга Ц.Энхболд ” Багануурт их сургуулийн хотхон байгуулах Монгол улсын засгийн газрын концепци, түүний хэрэгжүүлэлт” -ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн нь хуралд оролцож буй багш оюутнуудын сонирхлыг их татаж байлаа.
Энэхүү эрдэм шинжилгээ, практикийн бага хурлын шүүгчээр НШУС-ийн Социологи, нийгмийн ажилтны тэнхимийн эрхлэгч О.Мөнхбат, ГГС-ийн Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тэнхимийн багш н.Гантулга, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал И.Бямбахүү, Их Сургуулиудын Хотхоны Ашиглалтын Өмнөх Захиргааны гадаад харилцаа, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбаатар нар ажилласан юм. Их сургуулиудын хотхон байгуулах судалгааны чиглэлийн нийт 8 илтгэл хэлэлцэгдсэн боловч уг эрдэм шинжилгээний хурлын удирдамжийн шаардлагын дагуу нэгдүгээр байрт шалгаруулах илтгэл хараахан байхгүй байна гэж үзсэний үндсэн дээр шүүгчид 2 хоёрдугаар байр, 2 гуравдугаар байр эзлүүлсэн юм.
Шүүгчдийн дүнгээр МУИС-ийн Газарзүй Геологийн Сургуулийн Д.Бат-Эрдэнэ ахлагчтай ХБНТ-ийн 3-р ангийн баг ” Байгалийн Ухааны Их Сургуулийг шинээр төлөвлөх нь Өргөө хотхоны жишээн дээр” илтгэлээрээ, мөн докторант Б.Түмэндэлгэр ” Гадаадын орнуудын зарим их дээд сургуулийн хотхонуудын харьцуулсан судалгаа” илтгэлээрээ тус тус хоёрдугаар байрт шалгарлаа.
МУИС-ийн ОУХС-ийн 4-р ангийн оюутан Ж.Дагиймаа, Н.Бүрэнжаргал нарын “Байгалийн Ухааны чиглэлийн эрдмийн хотхоны загвар” илтгэл болон МУИС-ийн Газарзүй Геологийн Сургуулийн ХБНТ-ийн 2-р ангийн А.Хүрэлчулуун ахлагчтай багийн ” Их Сургуулийн Хотхоныг Аялал Жуулчлалын тулгуур төв болгон хөгжүүлэх боломж” сэдэвт илтгэлээрээ 3 дугаар байрт орлоо. Мөн ГГС-ийн ХНБТ-ийн 2-р ангийн О.Чинбаяр ахлагчтай багийн ” Их сургуулийн хотхоныг Нийгэм, Хүмүүнлэгийн чиглэлээр амжилттай байгуулсан олон улсын туршлага, түүнийг Монгол улсад хэрэгжүүлэх арга зам” илтгэлд тусгай байрын шагнал олгосон юм.
МУИС-ийн кампус байгуулахад олон улсын туршлагыг хэрэгжүүлэх боломж, арга замын энэхүү судалгааг цаашид гүнзгийрүүлэн дараагийн эрдэм шинжилгээний хурлыг тодорхой хугацааны дараа зохион байгуулахаар боллоо.