Монголын их сургуулиудыг Дэлхийд сурталчилж эхэллээ

Share Button

Монгол Улсын Их хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын 7.13-т “Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэсэн” байхаар тусгасан.  Тиймээс 2015 онд МУИС-ийн Удирдах зөвлөлийн тогтоолоор “МУИС-ийн 2016-2024 оны стратеги төлөвлөгөө”-г батлан бодлогын чиг хандлагаа өөрчилж бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх зорилго болгон дэвшүүлсэн. Энэхүү зорилгын хүрээнд дэлхийн болон Азийн шилдэг 100 их сургуулиудын жишгийг судлах, олон улсын түвшинд их сургуулиудын чансааг тогтоодог байгууллагуудын шалгуурыг чиг болгож стратегийн төлөвлөгөөнд тусгасан юм.

Өнгөрөгч оны 8 дугаар сараас эхлэн МУИС-иас санаачлан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох QS (Quacquarelli Symonds) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж зөвхөн МУИС бус Монголын их, дээд сургуулиудын эрэмбийг тогтоолгох уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулсан билээ.

Энэхүү ажлын үр дүн гарч дэлхий даяар тараагддаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” болон QS-WOWNEWS сонинд БСШУСЯ, МУИС, ШУТИС, МУБИС, СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдэн гарлаа.

Энэхүү хэвлэмэл бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяарх дээд боловсролын мэргэжилтнүүдэд тараагдаж их сургуулиудын амжилт, туршлага, хөгжил дэвшлийг танилцуулдаг байна.

“QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” цахим хувилбарыг https://www.qs-asia.com/e-book/tug/files/assets/basic-html/index.html#29, QS-WOWNEWS сонины цахим хувилбарыг https://qswownews.com/print-edition/ холбоосоор үзэх боломжтой. Энэхүү цахим хувилбарыг дэлхий даяар 250,000 эрдэмтэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын удирдлагууд үздэг.

 

 

Түүнчлэн QS байгууллагаас эрхлэн гаргадаг QS-Showcase сэтгүүлийн 2019 оны шинэ дугаар 4 дүгээр сард хэвлэгдэх бөгөөд тус сэтгүүлд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатарын тусгай ярилцлага нийтлэгдэх ба энэхүү сэтгүүл нь шилдэг их сургуулийн академик амжилт, судалгааны чиглэл, инноваци, гадаад харилцааны талаарх мэдээллийг онцолдог байна.

         

Монголын их сургуулиуд дэлхийд танигдаж, дэлхийд өрсөлдөх үүд нээгдлээ.