Олон улсын ойн өдрийг “Ой ба боловсрол” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ

Share Button

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон Улсын Ойн өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж байхаар тогтсон бөгөөд 2019 оны хувьд “Ой ба боловсрол” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд БОАЖЯ, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимтэй хамтран ойн салбарын хүний нөөцийг чадавхжуулахад анхааран ажиллаж байгаагаа олон нийтэд танилцуулсан цуврал үйл ажиллагааг 2019 оны 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулав.

Энэ жилийн Олон Улсын Ойн өдрийг “Ой ба боловсрол” сэдвийн дор дэлхийн олон улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж буйтай холбогдон зохион байгуулагчдын зүгээс “Оройн нахиа” Оюутны Эрдэм Шинжилгээний 5-р хурал, “Ойд суралцахуй” ЕБС-ийн сурагчдыг хамруулсан өдөрлөг, нийтлэлийн уралдаан, мөн ЕБС-ийн багш нарын дунд “Ойн боловсрол” сэдэвт Ойн тухай боловсролыг бүх нийтэд сурталчлах уралдааныг тус тус зохион байгуулав. Эдгээр үйл ажиллагаа нь өсвөр, залуу үеийн ойн талаарх бодол санаа, хүсэл тэмүүллийг танин мэдэх, цаашид энэ чиглэлээр ерөнхий боловсролын сурагчдад зориулсан ойн тухай боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцогч талуудын оролцоог хангах, ойн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сургууль хамт олныг урамшуулан дэмжих, ойн мэргэжлээр цаашид суралцах өсвөр үеийнхнийг МУИС-д суралцахад дэмжлэг үзүүлэх, ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудын судалгаа шинжилгээний ажлыг дэмжихэд чиглэгдсэн болно.

ЕБС-ийн сурагчдыг хамруулсан “Ойд суралцахуй” өдөрлөгт нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 11 сургуулийн 150 гаруй багш, сурагчид хамрагдсан бөгөөд тэд МУИС-ийн Номын сан, Ой судлалын чиглэлийн судалгааны лабораториудтай танилцав.

Түүнчлэн, жил бүр уламжлал болон зохион явуулдаг “Оройн нахиа” Оюутны эрдэм шинжилгээний хурлаар Монгол улсад Ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудаас ирүүлсэн бакалаварын (13 илтгэл) болон магистрийн (8 илтгэл) түвшний нийт 21 илтгэлийг хэлэлцүүлэгдсэнээс:

Бакалаврын түвшинд:

1-р байр: МУИС, ХШУИС, ХБООИТ 4-р курсийн оюутан Б.Байгаль “Шинэсэн ойн газрын дээд, доод хэсгийн биомассын судалгаа (Баруун Хэнтийн шинэсэн ойн жишээн дээр)” (Удирдагч дэд проф. С.Гэрэлбаатар)

2-р байр: МУИС, ХШУИС, ХБООИТ 4-р курсийн оюутан Д.Солонго “Таримал нарсан (Pinus sylvestris L.) ойн газрын дээд хэсгийн биомассын бүтэц, түүний наснаас хамааран өөрчлөгдөх зүй тогтол” (Удирдагч дэд проф. С.Гэрэлбаатар)

3-р байр: ШУТИС, ХҮТИС, МБҮ-ийн технологийн 2-р курсийн оюутан Б.Цэнгүүнжаргал “Дорноговь аймгийн чулуужсан модлогийн механик шинжийн судалгааны үр дүн” (Удирдагч доктор А.Тунгалаг)

Магистрийн түвшинд:

1-р байр: МУИС, ХШУИС, ХБООИТ-ийн магистрант А.Дулмаагийн илтгэсэн “Ойн хөрсөн давхаргад агуулагдах нүүрстөрөгчийн нөөц, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлс” сэдэвт илтгэл (Удирдагч проф. Н.Баатарбилэг, дэд проф. С.Гэрэлбаатар)

2-р байр: МУИС, ХШУИС, ХБООИТ-ийн магистрант М.Батмагнай “Үдлэг орчмын ойн ургамалжилт, үрлэлт, популяцийн демограф бүтцийн судалгаа” сэдэвт илтгэл (Удирдагч проф. Н.Батхүү)

3-р байр: ОУ-ын Улаанбаатар Их Сургуулийн магистрант Л.Уянгын илтгэсэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага (Ногоон байгууламжийн хэрэгжилтийн үнэлгээ)” сэдэвт илтгэл (Удирдагч проф. Д.Чанцалням) тус тус шалгарсан байна.

Сурагчдын дунд зарласан нийтлэлийн уралдаанд нийслэлийн болон Төв аймгийн Батсүмбэр сумын ЕБС-ийн сурагчдаас нийт 73 нийтлэл ирүүлсэн бөгөөд мэргэжлийн сэтгүүлчийн шалгаруулалтаар 142-р сургуулийн 9а ангийн сурагч М.Ариунсарнай “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг зорьсон нь” сэдэвт нийтлэлээр тэргүүн байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов.

ЕБС-ийн Багш нарын дунд зохион байгуулагдсан “Ойн боловсрол” сэдэвт Ойн тухай боловсролыг бүх нийтэд сурталчлах өдөрлөг-уралдааны дүнгээр нийслэлийн 142-р сургууль тэргүүн байр, 38-р сургууль дэд байр, харин Төв аймгийн Батсүмбэр сумын сургууль 3-р байр тус тус эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов.

Энэхүү тэмдэглэлт өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт Үндэсний IV хурлыг 3 дугаар сарын 21-ны Туушин зочид буудалд зохион байгуулав. Тус хурлаар Монгол орны ойн талаар Төрөөс баримталж буй бодлого, ойн боловсрол, шинжлэх ухааны талаарх тулгамдсан асуудлууд, уур амьсгалын өөрчлөлтийн ойн экосистемд үзүүлж буй нөлөө, ойн төлөв байдал, ойн хомсдол, доройтлыг бууруулах, ой ашиглалт, ойжуулалт, нөхөн сэргээлтийн менежмент, технологийг боловсронгуй болгох чиглэлээр нийт 21 илтгэл хэлэлцүүлэгдэв.

Тус хурлын үеэр ойн салбарын залуу судлаач, эрдэмтдийн дунд зарласан Шилдэг ханын илтгэл шалгаруулах уралдаан зохион байгуулагдсан бөгөөд МУИС, ХШУИС, ХБООИТ-ийн оюутан Н.Гончигмаа нарын “Лабораторийн нөхцөлд хуснаас пиролизын аргаар бионүүрс гарган авах” илтгэл шалгарав.

Олон Улсын Ойн Өдрийг монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэхэд хамтран ажилласан БОАЖЯ, МУИС, НҮБ-ын ХХААБ, REDD-Mongolia хөтөлбөр, Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл, БОМСТ-ТББ-ийн хамт олонд хурал зохион байгуулах комиссын зүгээс талархал илэрхийлж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар