Швейцарийн холбооны улсын иргэн “Хэлний сургалт ба багшийн боловсролыг дэмжих Швейцарийн хөтөлбөр”-ийн удирдагч, хатагтай Анита Фарни-Майнир МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн “Хүндэт доктор” боллоо.
Хатагтай Анита Фарни-Майнир нь 1943 онд АНУ-ын New England хотод төрсөн. 1965 онд Охайо их сургуулийн Оберлин коллеж төгсөөд Тайваны Тунхай ИС, Филиппин улсын Southern Christian College-д англи, франц хэлний багшаар тус тус ажиллаж байгаад Иллианойсын Технологийн институтын олон улсын соёлын төвийн эрхлэгч, мөн мужийн Чикагогийн олон улсын боловсролын төвийн хөтөлбөрийн мэргэжилтэн зэрэг ажил хийж ирсэн. 1970 оноос тэрээр Швейцар улсад амьдарч байгаа бөгөөд орон нутгийн удирдлага, эмэгтэйчүүд, жэндэрийн байгууллагад идэвхи зүтгэлтэй ажиллаж Тургау мужийн парламентын гүшүүнээр сонгогдон 11 жил ажилласан юм.
Тэрээр олон улсын соёл, боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж орон нутаг, үндэсний болон олон улсын хэмжээнд нэр хүндтэй болжээ.
Хатагтай Анита Фарни-Майнир 1998 оноос Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж, “Швейцарийн номын сан” зургааг байгуулсан ба Монголын их дээд сургуулиудад болон хөдөөд орон нутгийн сургуулиудад нийт 330,000 гаруй ном, сонин сэтгүүл хандивласан байна.
Мөн монголын их дээд сургуулиудад сурч буй герман хэл суралцагч эмэгтэй оюутнуудаас сонгон шалгаруулж жил бүр 9 оюутан ШХУ-ын аль нэг Багшийн дээд сургуульд сурахын хамтаар зочин айлд амьдран герман хэлний мэдлэг боловсролоо сайжруулж, багшлах дадлага хийдэг юм.
МУИС, ГХСС-иас 13 оюутан тэтгэлэг хүртсэн бөгөөд 2012-2013 оны хичээлийн жилд дөрвөн оюутан ШХУ-д суралцах эрх аваад байна.
Түүний ШХУ, Монгол улсын хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаа, Монгол улсын шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн МУИС-ийн ГХСС-ийн “Хүндэт доктор” цолыг ёслол төгөлдөр гардуулсан байна.
Ёслолын ажиллагааны дараа хатагтай Анита Фарни-Майнирыг МУИС-ын захирал, доктор, профессор С.Төмөр-Очир хүлээн авч уулзан МУИС-ийн ГХСС-ийн “Хүндэт доктор” цол, өргөмжлөлийг хүлээн авсанд чин сэтгэлийн халуун баяр хүргэхийн ялдамд цаашдын харилцаа, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн үйлсд нь улам их амжилт хүслээ.