ЭМГЭНЭЛ: ШАРАВЫН НАСАНЖАРГАЛ (1942-2019)

Share Button

Монгол улсын их сургуулийн Менежментийн тэнхимийн ахмад багш, дэд профессор Шаравын Насанжаргал 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж төлөвлөлт, менежментийн дээд мэргэжилтэн бэлтгэх салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Бидний хайрт багш Ш.Насанжаргал 1942 оны тавдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. 1961 онд Сүхбаатар аймгийн төвийн 10 жилийн 1-р сургуулийг 1965 онд МУИС-ийн Эдийн Засгийн Дээд Сургуулийг “Төлөвлөгч эдийн засагч” мэргэжлээр төгссөн.

1965-1968 онд Сүхбаатар аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1968-1973 онд Улсын төлөвлөгөөний комиссийн нэгдсэн төлөвлөлтийн хэлтэс, прогнозын газарт ахлах мэргэжилтэн, 1973-1979 онд МУИС-ийн ЭЗС-ийн Төлөвлөлтийн тэнхим /одоогийн Менежментийн тэнхим/-д багш, тэнхимийн эрхлэгчээр, 1979-1982 онд БНМАУ-ын Ардын Боловсролын Яамны орлогч сайд, 1982 оноос 2009 он хүртэл тасралтгүй МУИС-ЭЗС-ийн Менежментийн тэнхимд дэд профессорын албан тушаалд багшилж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Боловсрол шинжлэх ухааны байгууллагад нийт 44 жил ажилласан.

Ш.Насанжаргал нь 1973 оноос улс ардын аж ахуйн төлөвлөлт, төлөвлөгөөт баланс, орон нутгийн төлөвлөлт зэрэг мэргэжлийн гол хичээлүүдийг зааж байгаад 1990 оноос эхлэн боловсролын эдийн засаг, стратегийн менежмент, бүс нутгийн бодлого төлөвлөлт, бизнес төлөвлөлт зэрэг мэргэжлийн цоо шинэ хичээлүүдийн хөтөлбөрүүдийг боловсруулж, өөрөө зааж, залуу халаагаа бэлтгэж ирсэн. Улс орны эдийн засгийн, салбарын, бизнесийн байгууллагын түвшинд хөгжлийн бодлого, стратеги, төлөвлөлтийн талаар олон сайхан бүтээлүүдийг бичиж хэвлүүлсэн нь одоо ч гэсэн багш оюутнуудын ашиглах нэн чухал гарын авлага болон ашиглагдсаар байна.

Ш.Насанжаргал нь төлөвлөлтийн болон удирдлагын чиглэлээр 800 гаруй дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд гар бие оролцож 50 гаруй оюутны диплом болон магистр, докторантын ажлыг удирдан хамгаалуулж, мэргэжлийн төдийгүй судалгаа шинжилгээний арга зүй эзэмшүүлэхэд ихээхэн ач тусаа үзүүлсэн судлаач, нарийн мэргэжлийн багш хүн юм.

Төр, засгаас түүний бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 1992 онд Шинжлэх ухааны академийн эрдмийн зэрэг цол олгох зөвлөлийн шийдвэрээр профессор цол, 2002 онд Алтан гадас одонгоор, мөн ардын хувьсгалын ойн медалиудаар, эдийн засгийн, санхүүгийн, статистикийн, ардын боловсролын тэргүүний ажилтны цол тэмдгээр шагнасан байна.

Төлөвлөлт, менежментийн шинжлэх ухааны хүндтэй зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, судлаач, багш Ш.Насанжаргалын хүнлэг сэтгэл, гэгээн дүр төрх эрдмийн хамт олон, олон зуун шавь нарын зүрх сэтгэлд үүрд мөнхөрч үлдэх болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар