КОЙКА-гийн Монгол дах суурин төлөөлөгчтэй уулзав

Share Button

МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар тэргүүтэй төлөөлөгчид КОЙКА-гийн Монгол дах төлөөлөгчийн газарт зочилж хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. МУИС-ийн төлөөлөгчдийг шинээр томилогдсон КОЙКА-гийн суурин төлөөлөгч хатагтай Жу Хэйн-Нан , орлогч дарга ноён Ү Дун Уан, орлогч дарга хатагтай Ким Сү Янъ болон төслийн менежер Т.Туваанжаргал нар хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд хатагтай Жу Хэйн-Нан МУИС-ийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд баярласанаа хэлээд МУИС нь БНСУ-ын ЭСЯ-тай идэвхтэй хамтран ажилладагт нь талархлаа илэрхийлэв.

Захирал Я. Төмөрбаатар хатагтай Жу Хэйн-Нанд КОЙКА-гийн суурин төлөөлөгчөөр томилогдсонд нь баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрээр үргэлжлүүлэн МУИС нь 90 орчим БНСУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд МУИС нь судалгааны их сургууль болох зорилгын хүрээнд КОЙКА-тай хамтран тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналтай буйгаа илэрхийлэв.

Тухайлбал, КОЙКА-гийн санхүүжилтээр МУИС, Хансуны их сургууль хамтран 2016-2018 онуудад амжилттай хэрэгжүүлсэн “МУИС-ийн нийтийн удирдлагын тэнхимийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үндсэн зорилгыг цаашид өргөжүүлэн Монгол улсын төрийн албан хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлэхээр ажиллаж буй талаар мэдээлэв. Энэхүү төслөөс гадна салбар дундын судалгааны орчныг бүрдүүлэх, хүрээлэн буй орчин болон цаг уурын үзэгдэл процесс, хувирал өөрчлөлтийг гэх мэтийн судалгааны олон салбарыг хамарсан системчилсэн судалгааг дэмжих, залуу судлаачдыг дэмжих зорилго бүхий төслийн саналыг мөн танилцуулав. Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга А.Баярбаатар үргэлжлүүлэн төслийг хэрэгжүүлэх үндэслэл, төслийн үндсэн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Төслийн үндсэн зорилго нь судалгааны салбаруудын хоорондын уялдаа холбоог хангуулан хүрээлэн буй орчин, экологийн тэнцвэрийг хадгалах шийдлийг өргөн хүрээнд судлах системтэй суурь мэдлэгийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн гэдгийг А.Баярбаатар уулзалтын үеэр онцлон дурдав.

Хатагтай Жу Хэйн-Нан төслүүдийн саналыг хүлээн авч сонсоод КОЙКА-гийн төсөл хүлээн авч шалгаруулах журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. КОЙКА-д төслийн санал мэдүүлэхэд Монгол улсын Сангийн яам болон төслийн зорилготой хамаарал бүхий бусад холбогдох яам, агентлагийн газруудын дэмжлэг оролцоо чухал гэдгийг тэрээр дурдаад энэ жилийн 7 дугаар сард багтаан 2021 оны төслийн саналыг хүлээн авах журмыг танилцуулав.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар МУИС-ийн хамтын ажиллагааны гэрээтэй БНСУ-ын нэр хүнд бүхий байгууллага болох Солонгосын Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэн (Korea Institute of Science and Technology, KIST), К-data Agency буюу Их өгөгдлийн сангийн агентлаг, Сөүлийн Үндэсний их сургууль болон Ханян их сургуулийн Эрика төв зэрэг байгууллагуудтай тодорхой салбар чиглэлүүдээр хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх, төсөл, судалгааны ажлуудад хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа илэрхийлээд КОЙКА-гийн зүгээс дэмжиж хамтран ажиллахыг хүсэв.

Суурин төлөөлөгч хатагтай Жу Хэйн-Нан МУИС-ийн удирдлагыг ажил хэрэгч, хүсэл эрмэлзэл дүүрэн санал тавьж буйд талархлаа илэрхийлээд хамтран ажилладаг БНСУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай тогтмол харилцаатай байж шинэ төсөл хөтөлбөрт хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцож, мэдээлэл хүргүүлж ажиллах нь зүйтэй гэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар