Өчигдөр /2019.05.27/ МУИС-ийн Номын санд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн зөвлөх багш, доктор, профессор Р.Самъяагийн “Эрдмийн өргөөнд 40 жил” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагааны үеэр МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуяг, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Д.Бадамдаш нар МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Р.Самъяаг “МУИС-ийн Хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах тухай” захирлын тушаалыг танилцуулан гэрчилгээг гардуулсан юм.
Түүнчлэн МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар, Байгалийн ухааны салбар хариуцсан дэд захирал Ц.Амартайван нар Профессор Р.Самъяад хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг, мөнгөн аяга өргөн барив.
Хүндэтгэлийн үйл ажиллагаа Профессор Р.Самъяагийн сүүлийн 10 жилийн судалгааны ажлын тайлан, “Их говийн амьдрал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, “Мазаалайн мөрөөр” баримтат кино, “Алтайн өвөр говийн ховор амьтад” бичлэг зэргийг оролцогчдод үзүүлснээр үргэлжилж “Эрдмийн өргөөнд 40 жил” эмхэтгэл болон “Мазаалай” номын танилцуулга, түгээх ёслолоор өндөрлөлөө.