“Багш, оюутны старт ап-2019” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийг хөгжүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, шинэ санал санаачлагыг урамшуулах, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Багш, оюутны стартап-2019” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ээлжит сургалт 5 дугаар сарын 31-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 202 тоот лекцийн танхимд амжилттай зохион байгуулагдлаа

Тус хөтөлбөрт ХШУИС-ийн ХБООИТ-ийн эрхлэгч дэд проф.Ч.Сономдагва, проф.О.Алтансүх,  ХБИТ-ийн проф.Б.Цэрэнханд, дэд  проф. Д.Хасбаатар, ахлах багш Др.Б.Даваапүрэв, ЭХИТ-ийн ахлах багш Др. Н.Угтахбаяр, багш Др.Э.Пүрэвдалай, ШУС, Химийн тэнхмийн проф.Б.Энхсаруул, Биологийн тэнхмийн проф.Б.Батжаргал, дэд дроф. Д.Лхагвасүрэн нараар ахлуулсан магистр, бакалаврын оюутнууд хамтран гарааны компанийн баг бүрдүүлж оролцож байгаа билээ.

Бизнесийн сургуулийн Менежментийн тэнхмийн эрхлэгч, дэд проф Д.Энх-Отгон, Бизнес Консалтинг төвийн захирал дэд проф. Н.Батдэлгэр, менежер Н.Батсүх нар “Бизнесийн загвар боловсруулах нь” сэдвийн хүрээнд сургалт явууллаа. Сургалтын үеээр “Нийлүүлэлтийн гинжин хэлхээ” хөгжөөнт тоглоомоор дамжуулан өөрийн бизнест хамтран ажиллах талуудыг тодорхойлох, гинжин хэлхээний аль хэсэгт байгааг харуулах, бүтээгдэхүүний үнэ цэнийг ойлгуулсан.

Сургалтын үеэр зочин илтгэгчээр Оюуны ундраа группийн Бизнес хөгжил, хөрөнгө оруулалтын газрын шинжээч Э.Мөнхсаруул хүрэлцэн ирж бизнес загварыг тодорхойлох нь ямар үр дүнтэй байдаг талаар бизнесийн бодит жишээн дээр танилцуулга хийв. Мөн БСШУСЯ, АХБ, ОӨГ, ДБШТ, Ай Пи Консалтинг ХХК хамтран хэрэгжүүлж буй “Оюуны өмчийн эрх зүй, менежментийн үндсэн ойлголт, менежментийг сайжруулах” төслийн удирдагч, Оюуны өмчийн судлаач Д.Дэлгэрцоо уригдан ирж Оюуны өмчийн менежмент, үндсэн асуудлууд болон зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг хэрхэн хамгаалах, бүтээгдхүүнийхээ үр ашгийг бүрэн хүртэх аргачлалын талаар хичээл зааж оролцогчдын сонирхсон асуултын хүрээнд ярилцлага өрнүүллээ.

Инноваци, Технологи дамжуулах төв