Монголд бүтээсэн хиймэл дагуулыг 2021 онд хөөргөх боломжтой

Share Button

МУИС-ийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн A/245 дугаартай тушаалын дагуу, “Мазаалай” хиймэл дагуул сансарт хөөрсний хоёр жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн ШУС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лаборатори, МУИС-ийн Инноваци, Технологи дамжуулах төв хамтран “Нано Хиймэл Дагуул ба Шинэ боломж” бизнес уулзалт, арга хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтын гол зорилго нь Мазаалай хиймэл дагуулын төслийн үр дүнг тайлагнаж, дотоодын нөөц бололцоонд тулгуурласан хөөргөхөөр төлөвлөж буй дараагийн хиймэл дагуул болох Тэмүүлэл төслийг танилцуулж, цаашид хиймэл дагуулыг хөгжүүлэх, хамтран ажиллах боломж, бизнесийн саналуудыг хэлэлцэх зорилготой юм.

Уулзалтыг нээж МУИС-ын захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Сургууль нь сансрын технологийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, үндэсний хүний нөөцийг бэлтгэх, тогтвортой хөгжлийг хангах тодорхой бодлогын түвшинд ажиллаж ирсэн. Үүний хамгийн том жишээ нь Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”, түүнийг бүтээж хөөргөсөн залуус Японд суралцаад буцаж ирээд МУИС-д ажиллаж байна. Мөн Монгол инженерүүд Мазаалай хиймэл дагуулыг хийсэн туршлага дээрээ тулгуурлан, зөвхөн монгол эрдэмтэн судлаач инженерүүдийн гараар бүтэх дараагийн Тэмүүлэл хиймэл дагуулыг бүтээх гэж байгааг тэмдэглэж энэ нь өнөөгийн дэлхийн чиг хандлага, ирээдүйн хөгжлийн түүчээ болох сансрын технологиор өндөр хөгжилтэй улс орнуудтай мөр зэрэгцэн алхах 2 дахь том алхмаа хийж байгаа чухал үйл явдал болохыг цохон тэмдэглэлээ.

ЗХУ, МУ-ын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа уулзалтад ирсэн зочдод зориулан мэндчилгээ дэвшүүлж, Тэмүүлэл хиймэл дагуулын төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрээр мөн Сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого, баримт бичиг үгүйлэгдэж байгаа, төрийн дэмжлэг тодорхой байх ёстой гэв.

Мөн уг үйл ажиллагаанд БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга С.Мөнхбат, ХХМТГ-ын Сансрын холбооны албаны дарга Ц.Гантөгс, ШУА-ын ООГФХ-ийн захирал С.Дэмбэрэл, НШУҮИГ-ын Инноваци, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Жаргалмаа нар урилгаар хүрэлцэн ирж “Тэмүүлэл” төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж,  төслийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал, зөвлөмж өглөө.

Үйл ажиллагааны хоёр дахь хэсэгт ХХМТГ-ын Сансрын холбооны албаны дарга Ц.Гантөгс “Монгол Улсын Сансрын холбооны хөгжил”, ШУА-ын ООГФХ-ийн захирал С.Дэмбэрэл “Одон орон сансар судлалын түүх”, ТЗДС-ийн багш, Мазаалай хиймэл дагуулын инженер Д.Амартүвшин “Сансрын технологийн дэлхийн чиг хандлага” сэдвээр илтгэл танилцууллаа.

МУИС-ийн ШУС-ийн Физикийн тэнхимийн багш, мазаалай хиймэл дагуулын инженер Д.Эрдэнэбаатар “Мазаалай хиймэл дагуулын төслийн үр дүн” сэдвээр илтгэл тавьж өөрийн багийн төлөвлөгөө, сансрын технологийг хөгжүүлэх боломж бололцоо, мазаалай хиймэл дагуулын төслийн хүрсэн амжилт, сургамж болон цаашдын төлөвлөгөөний талаар хуралд оролцогчдод танилцууллаа.

МУИС-ийн ШУС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн судлаач Т.Төртогтох “Тэмүүлэл” хиймэл дагуулын төслийг танилцууллаа. “Тэмүүлэл” төсөл нь Шинжлэх ухааны судалгаа, технологийн туршилтыг сансарт хийх боломжтой кубсат ангиллын хиймэл дагуул бөгөөд Сансрын технологийг эзэмших, өндөр технологийг дотооддоо бүтээх, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой төсөл юм. Уг төсөл нь гурван жилийн хугацаатай бөгөөд хиймэл дагуулын хөгжүүлэлт, угсралт, туршилт нь 2 жилийн хугацаанд, харин сансарт хөөрсний дараа нэг жил газраас удирдан ажиллах юм.

Уулзалтад БСШУСЯ, ШУА, МУИС, ШУТИС, ШМТДС, ТЗДС, ХУҮИС, ХХМТГ, НШУҮИГ, MJEED, Рио Тинто групп, ДДэшТВ ХХК, Скайтел ХХК, Вагнер Ази ХХК, Төрийн банк, Богд Банк,  МонМэп ХХК зэрэг төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, компани, хиймэл дагуулын мэдээлэл ашигладаг, сансар судлалтай холбоотой олон байгууллагуудын төлөөлөл, хувь хүмүүс, бизнесийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Инноваци, технологи дамжуулах төв