Олон улсын хуралд оролцлоо

Share Button

БНПУ-ын нийслэл Варшав хотноо 2012 оны 5 дугаар сарын 9-13-нд “Дэлхий дахин болон Европын хэл, соёлын орон зайд орос хэлний эзлэх байр суурь”  сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний Y бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Хурлыг Варшавын Улсын Их сургууль, БНПУ-ын “Орос хэл, утга зохиолын багш нарын холбоо”, “Олон улсын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо”, “Русский мир” сан, Варшав дахь Оросын соёл шинжлэх ухааны төв хамтран Варшавын Улсын Их сургуулийг түшиглэн зохион байгуулсан юм.

Тус эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНПУ, БНХАУ, АНУ, Бельги, Монгол, Япон  г. м. 30 гаруй орны 300 гаруй судлаач, эрдэмтэн, багш оролцож нэгдсэн болон 12 салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлэв. Энэхүү хуралд МУИС. ГХСС-ийн Слав судлалын тэнхимийн эрхлэгч, проф. Н.Нансалмаа (Ph.D.) “Язык как хранитель комплексных знаний народа о мире”, тус тэнхимийн проф. Ш.Туяа (Ph.D.) “Русский язык как средство межкультурной коммуникации в Монголии”, ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхимийн проф. Ц.Саранцацрал (Sc.D.) “Выражение побуждения в русском языке неспецифическими конструкциями” сэдэвт илтгэл тус тус хэлэлцүүллээ. Мөн проф. Ц.Саранцацрал “Русский язык в ХХI веке” (“XXI зууны орос хэл”) сэдэвт салбар хуралдааныг хамтран удирдаж явууллаа.

Хурлын эхний өдөр  ОХУ-ын элчин сайд орон орноос ирсэн орос хэлний эрдэмтэн судлаач багш нарт хүндэтгэл үзүүлж хүлээн авалт хийв. Эрдэмтэн судлаачид тус тусын улс эх орон, сургуулийг  сурталчилж, судалгааны бүтээлийн үзэсгэлэн гаргасан төдийгүй  өөрийн орны соёл, зан заншил, хоол хүнс зэргийг дэлгэн харуулсан арга хэмжээ зохиосон нь өвөрмөц сонирхолтой болсон бөгөөд олон орны эрдэмтэн судлаачид санал бодлоо харилцан солилцох, бие биеэс суралцах, мэдээлэл хийх, цаашид хамтран ажиллахаар холбоо тогтоох таатай боломжийг олгож өгсөн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар