МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Өвөр Монголын их сургуулийн Монгол Улсыг судлах төвтэй хамтран зохион байгуулдаг ээлжит эрдэм шинжилгээний хурлаа 2019 оны 6 дугаар сарын 14-нд зохион байгууллаа. Энэ удаагийн хурал Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.
Үүний зэрэгцээ Бээжингийн их сургуулийн зүгээс уг хуралд өндөр ач холбогдол өгч, харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ОУХНУС, Өвөр Монголын их сургууль, Бээжингийн их сургууль болон монгол, хятадын бусад эрдэмтэд хүрэлцэн ирж оролцов. Уг хурлын гол онцлог нь хоёр орны туулж өнгөрүүлсэн харилцаанд дүн шинжилгээ хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлын талаар санал солилцоход оршиж байв.
Уг эрдэм шинжилгээний хурал нь Монгол, Хятад хоёр улс 1949 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн талаар түүх, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын талаас авч үзэн, харилцаа хамтын ажиллагааны түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, алдаа, оноогоо ярилцаж, цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах талаар ярилцаж, санал солилцов.