Монгол Улсын Их Сургуулийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн төгсөгчид төгсөлтийн баяраараа нийгэмд ээлтэй үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай билээ. 2018-2019 оны хаврын улиралд төгсөж байгаа оюутнууд маань энэ уламжлалын дагуу:
- Мэдээллийн технологи хөтөлбөрийн төгсөгчид Хүүхдийн засан хүмүүжүүлэх газарт хүмүүжиж буй хүүхдүүдэд ном хандивлах аянд нэгдэж, ном хандивлалаа.
- Мэдээллийн систем, Програм хангамж ангийн хамт олон “Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв” ТББ -аас хэрэгжүүлж буй “Монголын анхны Иргэний номын сан”-гийн сан хөмрөгийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж ном хандивлалаа.
Хүүхэд багачуудад зориулсан ая тухтай орчинд сурч хөгжих, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхэд чиглэсэн энэхүү ажилд бага ч гэсэн тус хүргэсэнд баяртай байна.
- Програм хангамжийн ангийн зүгээс ЦУСАА ХАНДИВЛАХ санаа дэвшүүлж, ангийн төлөөлөл оюутнууд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа хандивлалаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг улсын нийт хүн амын 3% нь цусны байнгын донор байхад тухайн улсын цусны хэрэгцээ хангагддаг гэж үздэг бол Монгол улсад 1% орчим байгаа нь бид цусны нөөц дутмаг орны нэг гэдгийг илэрхийлдэг байна.
Төгсөлтийн баяраа бусдад амьдрал, итгэл хайрлан, бяцхан жаалууд, өвдөж зовсон хүмүүсийг баярлуулан тэмдэглэж буйд талархал илэрхийлье. Өнгөрсөн жилийн төгсөгчид хаягдал цаас цуглуулан Түлэнхийн төвд хандив өргөж байсан билээ.
Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим