БНХАУ-ын Шаньдуны их сургуулийн төлөөлөгчид айлчиллаа

Share Button

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Шаньдуны их сургуулийн Олон улсын Боловсролын сургуулийн захирал Др. Жэн Чүнь, Утга зохиол соёлын сургуулийн профессор Лю Фан Жэн, Олон улсын Боловсролын сургуулийн хөгжлийн ажлын албаны дарга Хү Гай Лин болон Күнзийн институтын ажлын албаны төслийн удирдагч Жан Шяо Хуй нарын төлөөлөгчид  МУИС-д айлчиллаа. Шаньдуны их сургуулийн төлөөлөгчдийг МУИС-ийн захирал Др. Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал профессор Ч. Лодойравсал, ХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд захирал Я.Төмөрбаатар Шаньдуны их сургуулийн төлөөлөгчдийн зорин ирсэнд нь талархаад хоёр сургууль хооронд хамтын ажиллагаа идэвхтэй явагддагт сэтгэл дүүрэн байдгаа илэрхийллээ.

Др. Жэн Чүнь МУИС-ийн захирлыг хүлээн авч уулзсанд нь баярласнаа хэлээд Күнзийн төвийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажилладагт нь МУИС-ийн удирдлагад талархлаа илэрхийлэв. Тэрээр Шаньдуны их сургуулийн МУИС-тай хамтарсан Күнзийн төв нь бусад орны их дээд сургуультай хамтарсан төвүүд дундаа хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай шилдэг нь гэдгийг уулзалтын үеэр баяртайгаар хэлэв. МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааны чанар, хятад судлалын ажлаараа ямагт тэргүүн эгнээнд явж, 2010, 2012 онд 2 удаа “Дэлхийн шилдэг Күнзийн институтын өргөмжлөл” хүртэж, Монголын талын захирал М.Чимэдцэеэ “Дэлхийн шилдэг судлаач”-ийн шагнал хүртсэнийг талууд онцлов.

2015 онд МУИС болон Күнзийн төвийн хамтын ажиллагааны гэрээг 10 жилээр сунгасан бөгөөд тус төв нь МУИС-ийн олон арван багш эрдэмтэд түүний дотор хятад хэлний болон хятад судлалын эрдэмтдийг БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажилд хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, олон оюутан суралцагчдыг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт элсэн сурахад дэмжлэг үзүүлсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар