Японы Монгол судлалын холбоо (ЯМСХ) бол Японы монголч эрдэмтэдийг эгнээндээ нэгтгэдэг, байнгын идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага билээ. Тус холбооноос жилд хоёр удаа монгол судлалын хаврын ба намрын монгол судлалын бага хурлыг зохион байгуулдаг тогтсон уламжлалтай бөгөөд хаврын хуралдааныг Токио орчимд, намрын хуралдааны Осака орчимд зохион байгуулдаг юм. Энэ удаагийн хаврын бага хурал Токио хотноо Шёова эмэгтэйчүүдийн их сургуульд боллоо. Шёова эмэгтэйчүүдийн их сургуульд монгол хэл шинжллэл судлаач профессор Хөхбаатар олон арван жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр уг хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа.
Уг хуралдааныг Чингис хааны мэндэлсний 850 жил, Япон Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан бөгөөд хурлыг тус холбооны ерөнхийлөгч, монголч эрдэмтэн, профессор Масарү Хашимото нээж мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Дараа нь тус холбооны нарийн бичгийн дарга Осакагийн Их Сургуулийн профессор Ш.Шиотани өнгөрсөн оны санхүүгийн тайлан тавьж танилцууллаа.
Тус холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгчид өөрсдийн ажилладаг их сургуульд жил бүр ээлжлэн зохион байгуулдаг энэ бага хурал өөрийн гэсэн дэг жаяг, үйл ажиллагааны бодлого чиглэлтэй билээ. Үүнд тус бага хуралд монгол судлалын залуу, дунд, ахмад үеийн эрдэмтэдийг оролцуулах, тэдний хамгийн шинэхэн судалгааг сонсохыг хүсдэг бол мөн монгол судлалын салбар бүрийг хамаарахыг хичээж, гадаадын монголч эрдэмтэн, судлаачдаас оролцуулах сонирхолтой байдаг юм.
Энэ удаагийн хуралд Токиогийн олон улсын их сургуулийн профессор С.Курибаяаши “Монголын эдийн засгийн өсөлтөд дүн шинжилгээ хийх нь”, Ямагата их сургуулийн дэд профессор Т.Накамүрэ “Монголын нүүдлийн соёл иргэншил дэх жижиг нэгдэл хамтралын тухай – Хөлөн буйр аймгийн жишээн дээр”, Ямагата их сургуулийн дэд профессор Армус “Манжийн үеийн Монгол дахь ус ашиглах эрхийн тухайд – Түмэд хошууны жишээгээр”, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн судлаач Т.Мизүтани “Мэлсээгийн дэвшүүлсэн монголчуудад боловсролд олгох санаа бүтэлгүйтсэн нь”, Өвөр Монголын их сургуулийн дэд профессор Намьяа “Өвөр Монголын уран зохиолд дүрслэгдсэн соёлын хувьсгал – үгүүллэгийн жишээгээр” зэрэг илтгэл хэлэлцүүлэв.
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс тус их сургуулийн монгол судлаач эрдэмтдийг гадаад орнуудад болдог монгол судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний хурал, симпиозум, семинар, зөвлөгөөнд оролцуулахыг дэмжиж, туслах, танилцуулах бодлого барьж байгаа бөгөөд энэ удаагийн Токиогийн бага хуралд тус их сургуулийн түүхийн тэнхимийн багш д-р дэд профессор С.Отгонжаргал оролцож, “Японы монголч эрдэмтдийн дэвшүүлж буй шинэ шинэлэг санаа ХХ зууны Монголын түүхийн зангилаа асуудалд” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн.
Тус бага хуралд японы монголч эрдэмтэдээс гадна Япон улсад түр хугацаагаар ажиллаж байгаа монголын болон гадаадын монгол судлаач эрдэмтэд О.Батсайхан (Япон сангийн зочин профессор), Ч.Дашдаваа (Тохокугийн Их Сургуулийн зочин профессор), С.Чулуун (Осакагийн Угсаатны зүйн музейн зочин профессор), Д.Заяабаатар (Осакагийн Их Сургуулийн зочин профессор), Т.Мөнхцэцэг (Токиогийн Гадаад судлалын их сургуулийн зочин профессор), Чойралжав (Өвөр Монгол), Мэнг Сонг-Лин (Солонгос), Ольга А Шагланова (ОХУ, Япон сангийн зочин судлаач), Д.Хишигжаргал (Нихонмацүгийн сургалтын төв), Х.Дэлгэрмаа (Японы гадаад харилцааны яамны хэлний институт) Ж.Бат-Ирээдүй (МУИС) нарын зэрэг олон эрдэмтэн судлаач, багш нар оролцлоо.
Японы Монгол Судлалын Холбооны ирэх намрын хуралдаан 11 дүгээр сарын 17 ны хагас сайн өдөр Шикокү арлын Эхимэ Их Сургуульд болох бөгөөд манай эрдэмтэн судлаачид энэ хуралд сонирхолтой илтгэлийн нэр дэвшүүлж, оролцох саналаа Монгол Судлалын Хүрээлэнгээр дамжуулан хүргэж болохыг энэ дашрамд мэдэгдэж байна.