Орос хэлний бэлтгэл анги төгсөгчдөд гэрчилгээ гардуулав

Share Button

2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ийн орос хэлний бэлтгэл ангид амжилттай суралцан төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг төгсөгчдөд хандан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Та бүхэн энэ хичээлийн жилд МУИС-д нээсэн орос хэлний бэлтгэл ангийн анхны төгсөгчид” гэдгийг онцлоод цаашид сонгосон мэргэжлээрээ амжилттай сайн суралцаж, эх орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулан, МУ болон МУИС-ийнхаа нэр хүндийг улам өндөрт өргөж явахыг захив.

МУ-ын Гавъяат багш, ШУ-ны доктор, проф. Ц.Саранцацрал орос хэлний үүрэг, ач холбогдлын талаар ярьж, эрдэм ном сурах оюуны их хөдөлмөртөө өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв. Гэрчилгээ гардуулах ёслолд МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн эрхлэгч С.Булгантамир, Гадаад хэлний сургалтын төвийн профессор Л.Одонтуяа болон Европ судлалын тэнхимийн орос хэлний салбарын багш нар оролцлоо.

  
БСШУСЯ-ны сайдын 2018 оны 4-р сарын 6-ны А/184тоот тушаалын 4 дүгээр зүйлд зааснаар МУИС-ийн Ломоносов төвийг түшиглэн орос хэлний бэлтгэл анги нээж, зохион байгуулахыг МУИС-д үүрэг болгосны дагуу орос хэлний бэлтгэл ангийг дахин шинээр нээсэн билээ. МУ-ын оюутан залуучуудад ОХУ-аас төрөл бүрийн мэргэжлээр дуртай сургуульдаа суралцах 500 тэтгэлэг жил бүр олгодог. Шинээр нээгдсэн орос хэлний бэлтгэл ангид ОХУ-ын их сургуульд элсэгчдэд зориулж орос хэл, мэргэжлийн орос хэлээс гадна математик, хими, түүх, уран зохиол г.м. ерөнхий эрдмийн (сонгон) хичээлийг орос хэлээр заана.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар