БСШУЯ, Азийн Хөгжлийн Банкны хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын салбарын шинэчлэл” төслийн санхүүжилтээр МУИС-ийн Математик, Компьютерийн сургууль компьютерийн лабораторитой боллоо. Тус лабораторийн нээлт энэ долоо хоногт болж, МУИС-ийн удирдлагууд болон уг төслийг хариуцсан холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Лабораторийг 30 компьютер, проектор, принтер, сканнер, ухаалаг самбар зэрэг бусад дагалдах хэрэгслүүдийн хамт нийт 43 сая гаруй төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн тохижуулжээ.
Мөн тус төслийн хүрээнд МУИС-ийн хичээлийн 2-р байрны өргөтгөлийн их засвар, ФЭС-ийн мэдээллийн технологи, мэдээллийн системийн лабораторийг санхүүжүүлсэн билээ. “Багш бэлтгэх сургуулиудыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд боловсролыг дэмжих, үр ашгийг дээшлүүлж, багш оюутнуудын сурч хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа үүгээр зогсохгүй дараагийн хөрөнгө оруулалт болох байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмжийг 4 салбар сургуульд 259,4 сая төгрөгийн төсөвтэйгээр 2012-2013 оны хичээлийн жилээс өмнө нийлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна” гэж төслийн худалдан авалт хариуцсан зохицуулагч Д.Ундрах хэлсэн юм.