“МУИС-Хөгжлийн сан” ТББ-ын хөрөнгийг МУИС-д хүлээн авлаа

Share Button

МУИС-ийн захирлын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 354 тоот тушаалаар “МУИС-Хөгжлийн сан” ТББ-ыг сургуулийн төвлөрсөн сангийн бүтцэд байгууллаа. Уг сан нь өнөөг хүртэл МУИС-ийн санаачлагаар үүсгэн байгуулсан Төрийн бус байгууллагын хэлбэрээр явж ирсэн бөгөөд одоогийн өөрчлөлт нь сангийн удирдлага, хөрөнгийн бүртгэл, тайлагналын тогтолцоонд гарч байгаа зарчмын өөрчлөлт болж байна.

“МУИС-Хөгжлийн сан” ТББ нь 1997 онд байгуулагдсан МУИС-ийг зах зээлийн цоо шинэ харилцааны нөхцөлд нийцүүлэн шинэчлэн хөгжүүлэх, шаардлагатай санхүү, хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, сургалт судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, үндэсний хэлээр бичигдсэн ном, сурах бичгээр суралцагсдыг хангах зэрэг олон талт зорилтуудыг шийдэж ирсэн.

Тус сан нь байгуулагдан ажилласан жилүүдэд дээрх зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ЭЗС, ОУХС-ийн хичээлийн 5-р байрыг барих хөрөнгө оруулалт босгоход томоохон хувь нэмэр оруулсан ба зөвхөн тус сургуулийн эрдэмтэн багш нарын 221 нэрийн ном, сурах бичгийг хэвлүүлэхэд зориулж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт 197,6 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд МУИС-ийн захиалгаар дотоодын хэд хэдэн томоохон төслийн ажлыг тухайлбал, оюутны байрын интернэтжүүлэлт, МУИС-ийн сүлжээний модуль шинэчлэх өргөтгэх, “Дотоод холбоо”, “Дижитал номын сан”, “Цахим-МУИС сургалтын “СиСи” төсөл, “МУИС-ийн багш нарын дидактик ур чадварыг дээшлүүлэх модуль сургалтын хөтөлбөр боловсруулах” төсөл, “Монголын их дээд сургуулиудад гадаад хэлний мэргэжлийн ангиудын бакалаврын сургалт явуулах, сургалтын агуулга, үндэсний загвар хөтөлбөр боловсруулах” төсөл зэргийг санхүүжүүлэн гүйцэтгэж байна.

“МУИС-Хөгжлийн сан” ТББ нь 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр үйл ажиллагаагаа тасалбар болгон МУИД-д нийт 1.793,1 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө, гэрээт хугацааны эцэст нэмэгдэх 111,9 сая төгрөгийн хуримтлагдсан хүү орсон, 59,9 мянган төгрөгийн бараа материал, 160,0 сая төгрөгийн дуусаагүй барилгын суурь, 2 багшийн номын зээлийн үлдэгдэл 2,0 сая төгрөг, хугацаандаа хэрэгжиж байгаа төслийн эргэн төлөгдөх үлдэгдэл 14,2 сая төгрөгийн авлага, барилгын суурийн урьдчилгаа төлбөр 200,0 сая төгрөгийн өглөгийн үлдэгдэлтэйгээр шинээр байгуулагдсан санд хүлээлгэн өглөө.

“МУИС-Хөгжлийн сан” -ийн 2011, 2012 оны дуусгавар болсон санхүүгийн тайланд Голден пейж-Аудит ХХК хөндлөнгийн хяналт хийж, дуусгалтын тайланг баталгаажуулж, дүгнэлт гаргав. Дүгнэлт

МУИС-ийг хөгжүүлэх сан нь сургуулийн санхүүгийн тайлагналын хүрээнд ил тод, шударга ёсны зарчимд тулгуурлан, зохих дүрэм журмын дагуу ажиллах болно.

“МУИС-Хөгжлийн сан” байгуулж, тус сургуулийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан бүх хүмүүс, бүрэлдэхүүний сургуулиудын хамт олонд МУИС-ийн захиргааны зүгээс гүн талархал дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэж байна.

Сургуулийн захиргаа, СЭЗХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар